Гэгээрлийн тухай ярихын тулд юуны түрүүнд гэгээрэлд хүрэхэд юу саад болдог, түүнээс хэрхэн гэтэлж гарах, мөн гэгээрлийн ач тус, бидэнд гэгээрэх шаардлага бий юу, үгүй юу гэх зэргийг зайлшгүй мэдэх шаардлагатай. Энэ бүгдийн талаарх товч ойлголтыг дурьдая. Гэгээрэлд хүрэхэд гол саад болдог бохирдсон оюун ухаан нь ерөнхийдөө хувиа хичээлт, үзэн ядалт, атаа хорсол болон шунаг сувдгаас үүдэлтэй бөгөөд энэ нь бидний амьд болон амьгүй ертөнцийн талаарх буруу ойлголтоос ихээхэн шалтгаалдаг. Нэг ёсондоо амьтай, амьгүй юмс үзэгдлийн талаарх ташаа ойлголт, түүнээс үүдсэн атгаг буруу сэтгэлээс болж оюун ухаан бохирдож байдаг. Өөрийн бодол санаа, зовлон жаргал хэрхэн эдэлж байгаа зэргээс үзэхэд бидний оюун ухаан тийм ч цэвэрхэн биш ээ. Гэвч оюун ухаан нь өөртөө гэгээн мөн чанарыг цаг үргэлж хадгалсаар байдаг тул оюун ухааны бохирдлоос ангижрах боломж бий. Оюун ухааны бохирдлоос ангижрах үйл явц нь хамаг зовлон бүгдийг даван туулж гэгээрэлд хүргэх учиртай тул юуны түрүүнд энэ үйл явцыг эхлүүлэх гэгээрлийн төлөөх эргэлт буцалтгүй шийдвэр хамгаас чухал юм. Бидний ихэнх маань онцгой хэдхэн хүн гэгээрсэн, харин бидний хувьд бол гэгээрэл асар хол, гэгээрэх боломжгүй мэтээр бодож явдаг. Бурханы шашны гол нэгэн онцлог бол хүн бүхэн гэгээрэх боломжтой, өөрөөр хэлбэл хүн бүхэн өөрсдийн дотоод муу сэтгэлээ таягдан хаях боломжтой гэсэн үзэл бөгөөд энэ нь хувь хүнд асар их боломж, хүчин чармайлтыг бий болгодог. Энэтхэгийн их эрдэмтэн Шантидэва
Ариун бодь сэтгэлийн морийг хөлөглөөд
Амгалангаас амгаланд зорчих явдлаас
Авралт ухаан төгөлдөр хэн бээр зүрхшээх вэ
хэмээн айлдсанлчан нэгэнт хүн бүхэн гэгээрэлд хүрэх боломжтой юм бол гэгээрлийг хүсэхгүй хэн байх вэ? Тэгвэл хэрхэн яаж хүрэх вэ?
Маш энгийнээр хэлэхэд гэгээрэл нь оюуны хөгжлийн ноён оргил, ёс суртахууны хамгийн дээд түвшин билээ. Тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд ёс суртахуунд суурилсан оюуны бохирдлыг арилгах бясалгал /энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх дадлага/ болон оюун ухааны хөгжингүй хэлбэр саруул ухааныг /юмс үзэгдлийн мөн чанарын талаарх ухаарал/ олж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ёс суртахуун, бясалгал хийгээд саруул ухааныг гэгээрэлд хүрэх хөтөлбөр гэж ойлговоос зүйтэй. Энэ хөтөлбөрийг сайтар ойлгож эзэмшсэний үндсэн дээр бид зорьсондоо хүрэх болно. Гэхдээ аливаа зүйлд энэрэнгүй хандах болон саруул ухааныг хөгжүүлэх, ёс суртахууны төгс хэлбэрийг өөртөө төлөвшүүлэх нь урт хугацааны үйл явц боловч энэ бүгдийг хэдий чинээнд хөгжүүлж чадна төдий чинээгээр таны оюун ухаан цэвэрлэгдсээр байх болно гэдгийг анхаарууштай.
1.Ёс суртахуун
Бид адгуус амьтдаас юугаараа илүү вэ гэвэл сэтгэн бодох чадвар болон ухамсараараа илүү гэдэг нь маш тодорхой. Ялангуяа ухамсар дотроос бид ёс суртахууныг эрхэмлэн дээдэлж, ухамсарласнаараа адгуус амьтдаас хавьгүй илүү аз жаргалтай амьдарч байна. Энэхүү ёс суртахуунаас үүссэн аз жаргалтай амьдрал нь энэрэнгүй сэтгэл болон саруул ухаанаар баяжигдаж чадвал улам хөгжингүй хэлбэрт шилжин явсаар нэгэн цагт гэгээрэлд хүрэх болно. Ёс суртахуун дээр үндэслэсэн энэрэнгүй сэтгэл улам төгөлдөржих боломжтой бөгөөд энэхүү бусдыг энэрэн хайрлах төгс сэтгэлийн хүчээр юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг ухаархын төлөө саруул ухааныг эрэлхийлж эхэлдэг юм. Тиймээс ёс суртахуун нь гэгээрлийн үндэс суурь яахын аргагүй мөн билээ.
2.Энэрэнгүй сэтгэл
Бидний өдөр тутмын амьдралд хувиа хичээх явдал ямар их хор хохирол учруулж байгааг бид бэлхэнээ харсаар буй тул гэгээрлийн түвшинд хувиа хичээх талаар ярихын ч хэрэггүй юм. Гэгээрэлд хүрсэн Далай лам тэргүүтэй эгэлгүй олон хүмүүсийн амьдрал, үйл хэрэг бүхэн гагцхүү бусдын сайн сайхны төлөөд оршиж байдаг. Тиймээс гэгээрлийн туйлын зорилго бол бусдын төлөөд оршино. Зовж шаналсан олон амьтанд төгс хүчин чадлаар туслахыг хүссэн агуу их энэрэл, түүнээс ундрах урам зориг, эрс шийдэмгий байр суурийн ард өөрөө асар их аз жаргал, баяр баясал, амар амгаланг мэдрэн байх бүлгээ. Бусдад туслах сэтгэлийг өдөөгч нь энэрэн нигүүлсэх сэтгэл мөн тул гэгээрэлд хүрэхэд энэ сэтгэл зайлшгүй чухал.
3.Саруул ухаан
Гэгээрэл нь оюун ухааны хөгжлийн хамгийн дээд хэлбэр мөн. Гэвч бид өөрсдийнхөө талаар, орчлон хорвоо болон юмс үзэгдлийн талаарх эндүү ташаа ойлголттой байгаа цагт төгс хэлбэрээр бусдад туслаж чадах гэгээрлийн хүчин чадлыг олно гэдэг туйлын хэцүү юм. Гэгээрэлд хүрэхэд зайлшгүй мэдэх шаардлагатай эрдэм мэдлэгийг олж авахын тулд саад тотгор болж буй атгаг буруу бодлуудыг үгүй хийх хэрэгтэй. Атгаг буруу бодол, түүнээс үүссэн муу сэтгэлүүдээс ангижирснаар саруул ухааныг эзэмшиж улмаар өөрийн оюун ухаанаа төгс гэгээрэлд хүргэх боломж бүрдэнэ. Тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд саруул ухаанаар сав, шим ертөнцийн үнэн мөн чанарыг бүрэн гүйцэд судлах шаардлага өөрийн эрхгүй урган гарч ирж байна. Энэхүү судалгаа нь хий хоосон, хуурай мэдлэг бус орчлон хорвоогийн мөн чанар, жаргал зовлонг үнэн зөвөөр нь таньж мэдэхэд, олсон мэдлэгээ бодит амьдралд уран нарийн хэрэглэж чадахын төлөөд зорьсон байх шаардлагатай. Үнэндээ бидний ихэнх маань зовлонг бүрэн гүйцэд таниагүйгээс болж гагцхүү зовлон болох зүйлийг жаргал гэж эндүүрэн бүхий л насаараа шахуу түүний хойноос зав чөлөөгүй гүйсээр нэгэн насаа дуусгавар болгож байдаг билээ.
Бурханы шашинд гэгээрэлд хүрэх арга замыг гурван үе шаттай гэж үздэг. Нэгдүгээрт бүдүүлэг хэрэгцээгээ хангахаар амьдралд сохроор шунан тэмүүлэхийг зогсоох, хоёрдугаарт орчлонгийн мөн чанарыг давуулан үнэлж түүнд хоргодсон шуналын хүлээсээс ангижрах, гуравдугаарт амин хувиа хичээх сэтгэлийг таягдан хаях явдал юм. Энэ гурван үе шатыг амжилттай давсан цагт гэгээрлийн хутагт хүрэх болно.
Энэ мэтчилэн бурханы шашны үндсэн сургаал нь муу сэтгэл гэж чухам юу болох, түүнээс хэрхэн гэтлэх, зовлон шаналалаас гэтэлсэн гэгээрлийн амар амгалан гэж юу байдаг тухай номлодог тул гэгээрлийн талаарх ойлголт асар өргөн хүрээтэй. Жишээлбэл их, бага хөлгөний гэгээрэл, тэдний дотоод урсгалууд гэгээрлийг хэрхэн авч үзэж түүнд хүрэх ямар арга замыг сонгодог талаарх ойлголтууд нэн гүнзгий байдаг тул гэгээрлийн тухай дэс дараалалтай ойлголт авах нь их чухал юм.
http://www.buddha.mn/news.php?mid=5&subid=18&aid=143 mnees oruulav Сайн үйлс дэлгэрэх болтугай.