Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.
Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан
Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?
Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна.
Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.
1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм).
Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ.
Мета танин мэдэхүйн энэ талын тухай Буддизмын сонгодог дүр дүрслэл бол бидний бодол санаа бол уудам хөх тэнгэрт нүүж өнгөрөх үүлс лүгээ адил хэмээх юм. Бүхэл амьдралынхаа туршид бид эдгээр үүлний үргэлжлэлийг ямар нэг тогтвортой бөгөөд он цагийн улиралтыг даахуйц “би” хэмээх мөн чанарыг үүтгэдэг хэмээн итгэн үнэмшиж ирсэн. Гэтэл Буддистууд энэхүү “би” гээч бол хувьсал өөрчлөлт, гарз хохирол, өтлөх, үхэх тэргүүтэн зайлбаргүй мэт л тохиох тэдгээр огтын шаардлагагүй зовлонгийн шалтгаан болсон хий хоосон зүйл гэж үздэг байна. Буддизмд суралцахын нэгэн зорилго нь бодол санаануудын – хөх тэнгэрийн зэрвэсхэн үзэгдлүүдийн – хоорондох зай завсаруудыг буюу тасалдлыг илрүүлэн мэдэхэд оршино. Тэгсэнээрээ бид дээр дурдсан хий хоосон зүйлд эзлэгдэхгүй төдийгүй үүлс хуран үүсэх хийгээд сарнин одох тэр сэрэл мэдэмсэрийн урсгалыг танин барьж сурах юм.
Жобсыг дотоод сэтгэлийн энэ үйлэнд ихээхэн татсан ном зохиолуудын нэг нь Чойжам Трунба Ринбучи хэмээх 1950-аад онд Хятадын булаан эзлэгч армиас дүрвэн хэсэг лам нарыг удирдан Гималай давж асан нэгэн төвд ламын “Оюун санааны материализмыг таслах нь” хэмээх зохиол байв. Тэр бол нийгэмд маш их маргаан мэтгэлцээний сэдэв болсон, маш сонирхолтой хүн байсан юм. Түүний анхны барууны шавь нарын нэг нь хожим поп од болж хувирсан Давид Бови байлаа. Трунба маш алдартай бөгөөд нөлөөтэй багш бөгөөд эзотерик онол сургаалыг өндөр түвшний боловч шинэлэг, энгийн ойлгомжтой англи хэлээр сайн заадаг тухайдаа ихээхэн магтагдахын сацуу архи дарс их уудаг, авгай хүүхэнд их дуртай зэргээрээ хүчтэй шүүмжлэлд өртдөг нэгэн байжээ. Тэрбээр Боулдерт өөрийн үүсгэн байгуулсан бясалгалын Нарова Их сургуулиасаа гадна яруу найрагч Аллен Жинсберг, нууц киног үүсгэгч Стан Брахэж, зохиолч Кен Вилбер, ая зохиогч бөгөөд дуучин Жони Митчелл гэх зэрэг маш олон нийгмийн ерөнхий хэв маяг, соёлоос огт өөр өвөрмөц алдартнуудын оюун санааны зөвлөгч байсан байдаг. Миний бодоход, Жобсийн хувьд Трунбад татагдсан нэгэн гол хүчин зүйл бол түүний зохиол бүтээлүүд байсан биз ээ. Түүний зохиол номууд нь юмсыг байгаагаар нь үзэж ойлгоход түйтгэрлэгч бүхнийг мэс засалч адилаар задлан арилгахуйц маш эрс шулуун үг илэрхийлэлтэй зэргээсээ гадна урлагийнхан, яруу найрагчид, хөгжимчдийг нисванисын дайсны эсрэг дайчид хэмээн үзэх үүднээс машид хүндэтгэн үздэг үзэл зэрэг нь Жобсийг үнэхээр их татсан биз дээ.
Apple-н залуухан үүсгэн байгуулагчид нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Сан-Франциско хотноо Зэн төв байгуулсан Шунрю Сузуки-роши багшийн бичсэн "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" хэмээх зохиол мөн. Энэ бол Зэн бурхны шашны ёсны тухай маш эелдэг сайхан, урин залсан шинжтэй бөгөөд маш ойлгомжтой гарын авлага болсон юм. Сузукийн чухамхүү хэн нэгэн маш ухаалаг хүүхдийн дуу хоолой дуурсах мэт сэтгэлд таатай бөгөөд зугаатай өгүүлэмжүүд нь "амьдрал үхлийн их оньс, өгүүлэшгүйн оргилд цэнгэн бүжигч" хэмээн нэрлэгдэх Зэн багш нарын тухай гүн гүнзгий бөгөөд маш нарийн тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэхээр амьдралынхаа аль ч цаг үед уншиж болох ой тойнд багтамгүй их ховор чухал номуудын нэг юм. Энэ сацуу энэ бол нэгэн зүйл хувьсгалт эргэлт бүхий зохиол мөн. Тухайн цаг үеийнхээ Зэн шашны ном зохиолуудын үндсэн түрлэг урсгалыг сөрөн "Зэн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" нь гэгээрэлд "яарах зүйлгүй" алгуур боловч бат тогтвортой дурдалыг дадуулахуй үйлээр хүрэх тухай татгалзахын аргагүй сайхан онолыг айлддаг юм. Энэ нь нэгэн суурин дээр дараагийн бясалгалын хувь дээр л ямар нэгэн дорвитой, амьдралыг урвуулан өөрчлөхүйц "сатори" (Зэн бурханы шашинд гэгээрлийн хутгийг ийн нэрийддэг)-ийн улбаа, гэрэл гэгээг мэдрэх болно хэмээн горилолгүйгээр бясалгана гэсэн үг мөн. Сузуки-роши өөрийгөө гэгээрсэн гэж ер зарлаагүй байдаг нь тухайн цаг үедээ Зэн бурханы шашны алдартай их багшийн хувьд байж боломгүй зүйл байв. Тэр бүү хэл, гэгээрээгүй гэдгээ инээдэм болгон байж өөрийн шогч эхнэрээрээ батлан гэрчлүүлдэг байжээ. Сузуки-роши, "та бүхэн Бурхан болох гэж "зазэн" суудлаар суудаггүй юм. Та өөрийн байгаагаараа л төгс төгөлдөр мөн. Багахан боловсруулалт л хэрэгтэй" хэмээн олонтаа айлддаг байв.
Жобсын анхны Mac багийнхандаа зориулан гаргасан алдарт уриа нь "Аялал бол шагнал" хэмээх байв. Энэ урианы санаагаа тэрбээр "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" зохиолоос олж авсан байх магадтай юм. Учир нь Сузуки-рошийн хувьд "мөр бол зорилго" байсан аж. Кобун залуу Жобсыг "Бизнессийн ажил хэргээ эрхлэн явуулахын зэрэгцээгээр оюун санааны үйлээ үйлдэж болно" хэмээн зоригжуулдаг байсан юм. Хэрвээ тэр үед Кобун үүний эсрэгээр зөвөлгөө өгсөн бол одоогийн дижитал ертөнц ямар шүү байх байсныг нэг бодоод үз дээ.
Apple амжилтанд хүрэхэд Буддистуудын дурдал гэж нэрлэдэг тэр сэтгэлийн үйл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 15 дугаар зууны яруу найрагч Иккюү-гээс "Зэн хэмээхийн утга юу вэ?" гэж асуухад тэрбээр "Анхаарал төвлөрөл" гэж хариулсан байдаг. Үүнийг цааш нь тайлбарлахыг хүсэхэд тэрбээр "Анхаарал бол анхаарал мөн" хэмээн хариулсан байна. Зэн шашны ёсонд анхаарал гэдэг нь "Зэн до"-д хүрэлцэн ирж, өөрийн амьсгалыг дурдан агуулж суухаас илүү гүн утгатай зүйл юм. Энэ нь та өөрийн өдөр тутмын амьдралдаа автобус руу гүйх, будаа агшаах, хадмуудтайгаа ярих, даралтны эмээ уух, загас наадуулах гэх зэрэг хийж буй үйл бүхэндээ эгшин бүрт нь мэдэмсэр сэхээрлээ хандуулахын утга мөн.
Өөрөөр хэлбэл, "бусад хүмүүст зориулсан" цоо шинэ компьютер бүтээхтэй адил зүйл юм. Жобсын Тассажара болон бусад Зэн төвүүдэд дадуулж асан ахуй нөхцөл нь түүнд дээд зэргээр боловсорсон уламжлалт бүтээл болон Калифорнийн онгон зэлүүд газар нутаг хоёрыг гайхамшигтай хослуулан холбож тавих үндэс болж өгсөн билээ. Зэн төвийн гоо зүй бол - чухамхүү Apple адил - Өрнө, Дорнын зохирол бүхий хослол мөн.
Яг л Зэн номлолын адилаар Жобс Apple-н бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдийн хүсэл санал, хэрэгцээ нэг бүрийг-ажиллагааны систем дэх үсгийн фонд, цэсний дизайн, гадна хайрцаганд ямар металл хэрэглэх, савалгаа боодол дээр нь ямар ямар өнгө байх, дагалдах сэтгүүлээс эхлээд,
Apple-н агуулахуудын эмх цэгц нь хэрхэн ижил порпорцтой байхыг хүртлэх бүх зүйлийг - маш нарийн, нягт нямбай, гайхалтай сайн анхаарсан байдаг юм. Тэрбээр компьютеруудаа үндсэн дэлгэц дээр нь бүтээлч дүр дүрслэл гарч ирмэгч хэрэглэгч хүн түүнд бүрэн уусч орох мэт болохуйц тийм дизайнаар бүтээдэгээрээ өөрийн хэрэглэгчидийг ч бас дурдал анхаарал сайтай байхыг дэмжин урамшуулж байв. Жобс компьютерийг "сэтгэл оюуны дугуй" гэж боддог байв.
1981 оны нэгэн тахил нь буруу өрөгдсөн сар Жобс "Mac" хэмээх нэрээ "the Bicycle" буюу дугуй гэдэг нэрээр солихыг оролдсон байдаг. Харин түүний ажлын багийнхан энэ саналыг нь огт хүлээж аваагүй байна. Үүний цаад гол санаа нь таны хаашаа явахыг хүссэн тэр газарт хүргэнэ, ерөөс бүхэл глобал сүлжээний хүрээнд нээн олж болохуйц аль ч газарт хүргэдэг хэмээх байжээ. Гэтэл Windows-н машинууд нь үүний эсрэгээр маш их нүсэр сургалт зааварчилгаатай, зуу зуун хуудас шаардагдах тайлбар сэлт бүхий ямагт өөрсдөдөө анхаарал тавихыг шаардсан захирангуй өнгө аястай диалог, протоколууд бүхий байдаг шүү дээ.
Тиймээс Mac бол үнэндээ энэ бүхэнд ардчилсан хувьсгал хийсэн юм. Жобсын шаардлагаар Apple нь хэрэглэгчиддээ хэдийнэ танил дасал байсан мэт, хэрхэн хэрэглэхээ зөнгөөрөө мэдэхүйц тийм бүтээгдэхүүнийг бүтээсэн нь цахим тооцооллыг мэдээллийн сүлжээний мэргэжилтнүүдийн олигархи байдлаас чөлөөлөн өргөн олны дижитал тоглоомын талбай болгон хувиргасан хэрэг байв.
Зөнлөг цахим тооцооллыг бүтээх ажлын явцад Жобс Жонатан Иве хэмээх эелдэг даруухан британи дизайнер залуу өөртэй нь ижил хүсэл сонирхолтой болохыг олж мэджээ. Тэр залуу түүнд iMac, iPod, iPad, MacBook Air, iPhone гэх зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг нь бүтээхэд нь тусалсан байдаг. Эдгээр нь их энгийн даруухан бөгөөд татгалзахын аргагүй, чухам л Иве Жобс хоёрыг "нээх" хүртэл ертөнцийн хаа нэгтээ хамтаа хүлээж байсан хэлбэр болон үйл ажилгааны салшгүй нэгдэл мэт бүтээгдэхүүнүүд тул та анх харсан даруйдаа л амаа ангайтал гайхах болно. Энд бага зэрэг Буддизмын нэр томъёо ашиглан өгүүлвээс, Apple-н шилдэг сайн бүтээлүүд нь өмнөх "компьютер" эсвэл "утас", MP3 тоглуулагч зэрэг нь ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулах мэт, гэнэтхэн хоосноос (шунъяата) үүдэн гарсан мэт санагддаг юм. Тэдгээр нь гайхалтай цэвэрхэн, шинэхэн аватарууд байв.
"Зөн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" зохиолд Сузуки-рошийн айлдсан хамгийн их ой санаанд тод буудаг сургаалуудын нэг бол "Эхлэн суралцагсадын сэтгэлд олон боломж байдаг байхад өндөр түвшинд хүрэгсэдийн сэтгэлд цөөн боломж байдаг юм" хэмээх болно.
Энэ нь Сузуки өөрийн хуучин шавь нарыг өглөө бүр бясалгалын олбог дээр өөрсдийгөө Зэн мастерууд мэтээр сэтгэн сууцгаах вий дээ хэмээн болгоомжилсон хэрэг байв. Тэрбээр шавь нараа бясалгалд чухамхүү анх удаа оролдон үзэж байгаа хүн шиг тийм нээлттэй хүсэл сонирхлоор хандаж байгаасай хэмээн хүсдэг байжээ. Apple-ийн цахим хэрэгслүүдийг та бүхэн эхлэн суралцагсадын сэтгэл оюуныг тэтгэн дэмжиж, сэрээх тухайд зориулагдсан нарийн багаж төхөөрөмжүүд хэмээн хэлж болох юм. Үнэхээр Жобсын төгс сайныг бүтээх гэсэн тэр дурдал анхаарал нь бүр түүний бүтээгдэхүүнүүдийн нүдэнд ил үл үзэгдэх шинж чанаруудад хүртэл биеллээ олсон байдаг. Жони Иве хэмээх нэгэн гол дизайнер нь бичихдээ Apple-н төхөөрөмжүүдийн ихэнх хэрэглэгчид нүдээр үзэж чадахгүй бүрдэл хэсгүүдийг хүртэл төгс сайн хийхийн тухайд Жобсын хамтаар бид их олон сар ажилласан гэжээ. Мөн тэрбээр, "Стив энэ бүхэнд ямар нэг үйл ажиллагааны зарчимаас ч илүүтэй анхаарал тавих ёстой, бараг иргэний үүрэг хариуцлага мэт тийм чухал хариуцлага байна гэдэгт итгэдэг байв" гэж бичсэн байна. Apple өөрийн анхны бүтээгдэхүүнийг танилцуулж байх үед - тод хөх өнгийн гадаргуу бүхий iMac гарч байх үед түүний өнгө дизайны талаар гал тогооны өрөөнөөс гадаа гудамжинд хүртэл хаа сайгүй шивэр авир гэлцэж байв - Жобс iMac-ын ар тал өрсөлдөгчдийн компьютерын нүүрэн талаас ч илүү сайхан харагдаж байна хэмээн бахархан өгүүлж байжээ.
Японы сүм хийдүүдэд шинэ залуу хуврагууд хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн үйл хийж байх ёстой тухайд номлодог байна. Таны номын үйлийн ар тал нь урд тал шигээ чухал гэсэн үг юм. Кобунтай хамт өнгөрүүлсэн он жилүүдээс Жобсийн хамгийн сайн сурч авсан хичээл нь үхлийг хүлээн авах нь амьдралын зайлбаргүй нэгэн хэсэг мөн хэмээх юм. Тиймдээ ч өөрийнх нь үхэл гарцаагүй гэдгийг мэдчихээд байх үед нь тэр нь ихээхэн хэрэг тус болсон биз ээ. Жобсийн 2005 онд Стэндфордод тавьсан сэтгэл хөдөлгөм илтгэл нь тухайн нөхцөлд Буддаг дурдаагүйгээрээ илүү сайн болсон сонгодог Бурханы номын айлдвар адил болсон юм:
Би удалгүй үхэх болно гэдгийг ямагт дурдаж байх нь надад амьдралынхаа том том сонголтуудыг хийхэд маш их тус болсон хамгийн чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Учир нь үхэлтэй нүүр тулах цагт бараг бүх зүйл-бүх гадаад горь хүсэл, бүх бардамнал, бүх алдаа эндэлийн гутамшигаас айх айдас-эдгээр нь бүгд замхран одоод гагц үнэнхүү чухал зүйл нь л үлддэг юм. Миний мэдэхээр л, ямар нэг зүйлээ алдчихвий хэмээх бодлын дөнгөнөөс салах хамгийн шилдэг сайн арга бол хэзээ мөдгүй үхэх болно гэдгээ дурдах явдал мөн. Бид аль хэдийнээ юу ч үгүй нүцгэн улсууд шүү дээ. Өөрийн зүрх сэтгэлийг дагахгүй байх ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй ээ.
Хэн ч үхэхийг хүсдэггүй. Тэр бүү хэл, диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч тэндээ очихын төлөөнөө үхэхийг хүсдэггүй юм. Гэсэн хэдий ч үхэл бол бид бүгдийн хувь тавилан мөн. Хэн ч, хэзээ ч үүнээс бултан гарч байсангүй ээ. Тийм ч байхаас өөр аргагүй. Учир нь Үхэл гэдэг амьдралын цор ганц шилдэг бүтээл ч байж болох талтай. Энэ бол амьдралын хувьсал өөрчлөлтийн элч төлөөлөгч мөн. Энэ нь шинэ нялхсыг угтаж авахын тулд хуучин өтгөсийг нь явуулдаг юм. Яг одоо та бүхэн шинэ нь боловч одоогоос нэн удалгүй нэг л өдөр аажмаар өтлөж, улмаар нөгчин одох болно. Ийм чанга хатуу үг хэлж байгааг минь өршөөгөөрэй! Гэхдээ энэ бол аргагүй үнэн мөн.
Та бүхний нас хязгаарлагдмал тул хэн нэгэн өөр хүний амьдралаар амьдарч бүү шамшигдуул. Ямар нэгэн догм, ягшмал онолд бүү хүлэгд! Учир нь энэ бол бусад хүмүүсийн сэтгэлгээний үр дүнгээр амьдрахын нэр юм. Өрөөл бусдын үзэл бодлын хурц үзүүр таны дотоод дуу хоолойг сарниах боломжийг бүү олго! Хамгаас чухаг нь өөрийн зүрх сэтгэл болон зөн зовинг дагах зүрх зоригтой бай! Тэд чинь ямар нэг байдлаар таны үнэндээ юу болохыг хүсээд буйг хэдийнээ мэдэж байдаг юм. Бусад бүх зүйлс хоёрдугаар зэргийнх мөн.
Энэ бүхнээс харахад олонх хүний эндүү боддогчлон Бурхны шашин бол зөвхөн өтгөс буурлуудын муйхраар шүтдэг хуучны үеэ өнгөрөөсөн, ягшмал номлолын шинжтэй сургаал биш болох нь тодорхой байна. Энэ бол үнэндээ социализмын үеийн үзэл суртлын машинаар угаагдсан уураг тархи залруулагдан цэвэрлэгдээгүй явж байгаагийн илэрхийлэл юм гэдгийг бид өнөө хэр анзаардаггүй юм. Хэрвээ түүнд суралцаж, амьдран ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чадваас хэн хүний гайхшралыг төрүүлэм шинэ техник, технологи зохион бүтээж болохын нэгэн жишээ нь Стив Жобс юм. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөн Буддизмаас сурч, мэдэж, санаа авч болох хязгааргүй их зүйлсийн зөвхөн нэг өнгөн хэсэг мөн. Тиймээс ч барууны еотөнцөд Стив Жобсыг Буддист байсан хэмээхийн зэрэгцээ хамгийн гол нь тэрбээр ийм орчин үеийн технологийг бүтээх шинэ санааг яаж Буддизмаас олж авсан байх вэ гэдгийг олохыг чармайн шуугилдацгааж байна.
Судар Шастир нийгэмлэг
Стив Жобс - 3 түүх
Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.
Эхний түүх зангилааны гол цэгийн тухай
Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.
Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.
Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.
17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг.
Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.
Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.
http://enkhlen2.blogspot.com/ blogoos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.