Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай
Гэрт тань хүргэж өгөхөөр ирлээ.
/номын хэсгээс/
Тэнгэрлэг хайр
Хайр бүхнийг угаан арилгаж, муу бүхнийг эвдэн нурааж, хил хязгаар бүгдийг уусган сарниулдаг. Есүс шавь нарынхаа нүгэл хилэнцийг чухам хайраараа л ингэж цайруулсан билээ. Газар дэлхийд оршин байхдаа Тэрбээр энэ хайрыг агуулагч нь байсан юм. Будда амьд ахуйдаа, бид хайрыг нь эдлэн жаргаг гэж бид Түүний нэгэн адил хайрлаж, хайраа хөгжүүлж, хайраа дахин чөлөөлж тавихын тулд бүх л саад хязгаарыг таньж, устгаж сураг гэж энэ хайрыг тээж байсан билээ.
Тэд ингэж үлгэр дуурайл болцгоосон.Тийм учраас л хүмүүс Багш нартаа хайртай байдаг юм. Багш нарт өөр юу ч байхгүй бөгөөд тэд заавал залуухан сайхан юм уу сайхан харагдахгүй ч байж болно. Багш нар яг ийм тийм байх ёстой гэж ярих нь утгагүй зүйл. Багш бөгтөр нуруутай нэгэн байлаа ч тэр биеийн агуулж буй хайр нь төгс төгөлдөр л байх болно. Хүмүүс үүнд л татагддаг юм. Яагаад гэвэл хүмүүс бид энэ хайрыг дотроо агуулж байдаг. Тэгээд үүнтэй адил зүйлийг асар их хэмжээгээр олж харахаараа түүнд шумбан ариусахыг хүсдэг. Хэрэв та энэ мэт эрдэм ухааны авшигийг хүртвэл өөрийнхөө хязгааргүй хайрыг мэдрэх болно. Хэрэв та ихэд хичээнгүйлэн бясалгаж, итгэл бишрэлтэй байх юм бол Бурханы хүсэл зориг, тус дэмээр Есүст байсан шиг хайрыг олж аван, Түүн шиг болж чадна.
Есүс ирж, бидэнд бусад хүмүүсийг хайрлах, дайснаа бол түүнээс ч илүүтэй хайрлах ёстой гэдгийг сургасан билээ. Будда, Мухамед,Сократ, Лууз бүгд адилхан зүйлийг сургаж номлосон. Би ч бас та бүхэн бусдыг хайрлаж чадахын тулд дотроо байгаа энэ агуу их хайраа хэрхэн хөгжүүлэхийг заасан эртний энэ л сургаалийг та бүгдэд сануулах гэж энэ улсад хүрэлцэн ирсэн юм.
Энэ хайр үл үзэгдэх хэдий ч бидэнд мэдрэгдэж, бид хүсэл зоригийнхоо дагуу хэрэглэж болохоор тийм агуу их юм. Энэ агуу их дотоод хүчийг яагаад хайр гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл энэ хайр хамаг л нүгэл хилэнцийг маань өршөөн уучилж, угаан ариусгадаг юм. Бид урьд өмнө нь ямар муу хэрэг хийсэн нь хамаагүй. Хэрэв бид энэ хайртай холбогдож, энэ хайрыг мэдрэх юм бол нялх хүүхэд мэт ариусдаг. Тийм учраас л үүнийг хайр гэж нэрлэдэг юм. Хайранд нүгэл хилэнц, зааг хязгаар, өнгөрч улирсан гэж үгүй, зөвхөн одоо л гэж бий. Есүс энэ хайрыг ашиглаж шавь нарынхаа нүглийг цайруулсан. Будда энэ л хайрыг ашигласнаар хүмүүсийг Бурханы оронд нь буцаан аваачсан. Энэтхэгийн Кришна энэ л хайрыг тээж байсан болохоороо Энэтхэгчүүдийн хайр бахархалыг хүлээсэн хэвээр байгаа билээ.
А/асуулт/: Хайрын тухайд болон хүн болохын хувьд хайрыг эндээ буулгаж ирэх бидний чадавхийн тухайд та юу хэлэх вэ?
Б/Багш/: Бурханлаг хайр, жинхэнэ хайрыг уу? Бид Бурханыг мэдэхгүй бол чадахгүй. Бурхан яаж хайрладаг шиг бид тэгж хайрласан цагт л зөвхөн энэ нь жинхэнэ хайр мөн. Тийм биш бол энэ нь тэр хайрын нэгээхэн хэсэг төдий юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд Бурханлаг хайрын хэсэг буй болсноор тэднийг холбож, аз жаргалтай болгодог. Бурханлаг хайрын хэсэг эх, хүүхдийн хооронд үүссэнээр тэднийг холбож, аз жаргалтай болгодог юм. Энэ хайр тэр чигтээ бүхлээрээ ертөнц даяар цацран тархаж байгааг төсөөлөөд үз дээ? Тийм учраас л хүмүүс Багшаар дамжин цацарч байгаа энэ Бурханлаг хайрын дэргэд амар амарлангуйг мэдэрдэг юм.
Тийм болохоор л хүмүүс эрт цагаас ийм Багш нарыг шүтэж ирсэн билээ. Цааз шийтгэлийг үл тоон бүгд л Есүсийг дагаж байсны учир нь энэ юм. Бүгдээрээ Бурхан багшийг бишрэн хайрлаж байсны шалтгаан энэ билээ. Хүмүүсийн дэс түвшин Түүний хайрыг бүрэн хүлээж авч чадахаар өндөр байх тэр үед тэд хайранд нь умбаж шумбаж, цэнгэн жаргаж, холдож явахыг хүсдэггүй байсан билээ. Энэ нь хүн бүрийн дотор байдаг тэр хайраас болсон хэрэг харин бидний үзэл бодол үүнийг хязгаарладаг. Бид бүх үзэл бодлоосоо салчих юм бол тэр хайр хөгжин цэцэглэх болно.
Бидэнд "Би" байхгүй болмогц бид Есүс юмуу Будда шиг тийм их хайрлан энэрэгч болж, биднийг орхихыг хэзээ ч хүсэхгүй мянга мянган хүнийг өөртөө татна. Энэ зуур тэдгээр хүмүүс өөрсдийнхөө хайрыг таних чадвараа хөгжүүлдэг юм. Тэд анхандаа зөвхөн Бурханы хайраар адислаж өгсөн хүнийг хайрлаж байсан. Зөвхөн энэ хайрын улмаас л тэд Багшдаа хайртай байдаг. Энэ хайрыг бүрэн төгөлдөр байдлаар нь Багш биедээ тээж байдаг юм. Хайрын хууль, түүний дотор үйлийн үрийн хуулийг ч даван туулж чаддаг учраас гайхамшиг бүхэн бүтдэг юм. Тийм болохоор Багш хүн Өөрт нь итгэдэг хүн бүрийг чөлөөлж, бурхадын оронг бүхэлд нь нээж, тамын оронг бүхэлд нь эвдэж чаддаг билээ.
Дэлхий дээрх амьдрал
Бидний амьдрал бол сэрж амжаагүй зүүд мэт бөгөөд бид хичнээн удаан унтсан байсан ч хамаагүй, сүнс маань сэрмэгц л бид өөрсдийн жинхэнэ мөн чанараа нээдэг юм. Гэгээрэх үедээ бид оршихуйн дээд түвшинд хүрч, амьдралыг огт өөр талаас нь харах бөгөөд энэ бүхэн нь үтэр түргэн, ямар ч хүч чармайлт, догдлол хямралгүйгээр болж өнгөрдөг. Яг л кинонд хэн нэг нь үхэхэд бид энэ чинь ердөө л кино шүү дээ гэж мэдэж байдагтай адил юм.
Бид бүгдээрээ кино од, харин дэлхий бол асар том тайз билээ. Бид төрлөөс төрөл дамжин заримдаа эхнэр нөхөр, сайд, дарга эсвэл хатан хааны дүрд, хааяа нэг ч их хүсмээргүй дүрд тоглодог. Бид дүрдээ мэдэхгүй тоглосоор, яагаад би энэ дүрд тоглох ёстой, яагаад хаан ширээнд хэн нэг өөр хүн сууж, харин би нарийн бичгийн дарга төдийхөн байна вэ гэж өөрсдөөсөө асуудаг.
Нойрноос сэрэгсэд нь ертөнц гэдэг бол бидний суралцах болон хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлагаа хангах, төгс төгөлдөрт ойртож очиход зориулсан тайз төдий юм гэдгийг мэднэ.
Олонхи хүмүүсийн амьдралын хэв маяг нь хараахан бүрэн төгөлдөр бус, аз жаргал ба билгүүн ухааныг олоход тийм ч их зохимжтой бус байна. Оршихуйн олон түвшин байдаг бөгөөд
Эхнийх нь материаллаг, биет түвшин. Идэх, унтах, бие махбодын бүх төрлийн таашаалд дурлах зэрэг мэдрэхүйн цэнгэл жаргал хөөцөлдөхийг гол зорилго болгож, залхуурал назгайралд автах хандлагатай энэ түвшинд ихэнх хүмүүс амьдралаа өнгөрүүлдэг. Бид амьдралынхаа хэрэгцээг хангахын тулд л зөвхөн ажил хийдэг бөгөөд эрхэм дээд хүсэл, сэтгэл зүрхээ үүндээ зориулдаггүй. Амьдралаа боломжтой байлгахын тухайд л биш бол бид ер нь ажил хийх дургүй, бүх хүн төрлөхтний төлөө ажиллах гэдэг бидний хувьд хэцүү хэрэг байдаг.
Хоёр дахь нь сэтгэл хөдлөлийн гэж нэрлэгддэг түвшин. Энэ түвшний хүмүүсийн үзэл бодлын байр суурь их хүчтэй, эзэрхэг эсвэл дарангуйлагч зантай гэж хэлж болно. Үргэлж л тэдний зөв байх бөгөөд тэд аливаа зүйлийг бусад хүмүүс тэдний жишгээр хийхийг хүсч байдаг. Олон дарангуйлагчид болон хэт даврагч хөдөлгөөний агуу их удирдагч гэгдэгсэд энэ түвшинд хамаарна. Сайн санаатай хэдий ч алдаа хийчхээд түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, тухайн байдлыг засахыг хичээдэггүй хүмүүс ч хүртэл энэ түвшинд багтана. Уян хатан чанар дутахын аюул энд байдаг юм.
Гурав дахь түвшинд бол бүгдийг бичиж авч чаддаг ч түүнийгээ тунгаан бодолгүй, сэлгэн гүйлгэж байдаг компьютер төдий махбод болох тархи /ингэж хэлэхэд харамсалтай байна/, оюун ухаан дотор бид амьдардаг. Гэтэл сүнсний билгүүн ухаанаас ангид тархи бол ердөө л автомат машин билээ. Энэ түвшиний хүмүүс ерөнхийдөө өөрөө өөртөө явцуурч, ямарч хамаагүй нэг үзэл санааны ард өөрсдийгөө нуун далдалсан байдаг. Тэд энэ дэлхийд болж байгаа зүйлийн тухайд санаа зовдоггүй, түүнийг сайжруулах юм уу өөрсдийгөө өөрчлөх үнэн хүсэл төрдөггүй тийм байдалд гацчихсан улс. Тэд өөрсдийгөө тэр чигтээ төгс төгөлдөр гэж тооцдог бөгөөд олон хүн үүнийг гэгээрэл хэмээн эндүүрэх нь бий.
Дараачийнх нь сүнсний түвшин, өөрийгөө төгөлдөржүүлэх түвшин мөн бөгөөд учир нь энд бид өөрсдийгөө сүнстэйгээ адилтган үздэг. Бид болон бидний аз жаргал, урам зоригийн эх булаг сүнс маань нэгдмэл цогц мөн бөгөөд бид энэ бие махбод биш юм гэдгээ ойлгоно. Бид ертөнцөд болон өөрсдөдөө туслах гэж эрмэлзэнэ. Гэхдээ энэ нь хамгийн дээд түвшин биш, учир нь бид "би" гэх үзэлтэй хэвээрээ, тэр нь өөрийн чадлаа бас мэдэж байдаг. Бид "миний эцэг болон би нэг юм" гэж хэлэхэд хүртэл хоёулаа болчихож байгаа нь бас л хэтэрхий олон байна. /инээлдэв/
Үүний дараа Бурханы түвшин, Бурханлаг ухамсар хийгээд ухаарлын түвшин байдаг. Бурхан гэдэг биднээс өөр юу ч бус билээ. Бид өмнөх түвшинд байхдаа Бурхан биднээс тусгаар оршдог гэж бодож байсан. Тайлбарлахад хэдий амаргүй ч энэ түвшинд бид хамгийн анх удаа юу ч бодолгүй, тэр байтугай хийж байна гэдгээ ч мэдэлгүй юмыг хийдэг. Бид үйлийн үр хураалгүй бүхнийг бүтээгч болдог. Энэ нь Есүс "Би хийгээгүй миний эцэг хийж байгаа юм" хэмээн тайлбарлаж байсан санаа мөн.