- Хань минь чинийхээ надад ямар их хайртайг мэднэ ээ. Даанч бидний хагацах цаг болжээ. Би гал голомтоо орхиж явж чадахгүй. Аян замдаа сайн яваарай гэж хэлээд гарч одов.
Хархүн удаах эхнэрээ дуудаад: - Чи бол миний гал халуун дурлал. Намайг хаяад явчих вий гэж үргэлж эмээдэгсэн. Амьсгал хураавч чамаас салмааргүй байна. Надтай цуг яваач гэж гуйлаа. Удаахи эхнэрийн хариулт санаанд оромгүй хүйтэн хөндий байлаа:
- Уучлаарай анхны эхнэр чинь татгалзаж байхад би яахаараа цуг явна гэж? Намайг хардаж харамлаж явсан чинь ердөө л таны амиа бодсон зан шүү дээ. Одоо ч гэсэн тэр зангаа гаргаж байх шив дээ гээд ширэв татан одлоо. Хөөрхий эр гурав дахь эхнэрийнхээ гараас атгаж, сүүлчийн гуйлтаа өчив. Бүсгүй нулимс унаган уярч сонссоны эцэст:
-Хайрт хань минь, чамаасаа салах надад ч бас хэцүү байна. Тэглээ гээд яах билээ дээ. Оршуулгын газар хүртэл чамдаа хань бараа болж, үдэн гаргая даа гэж хэллээ. Ийнхүү гурван эхнэрийн хэн нь ч хойд ертөнцрүү хамтад явахыг зөвшөөрсөнгүй. Горь тасарсан эр дөрөв дэх эхнэрээ дуудав. Эхнэр нэртэй боловч энэ айлын бохир буртаг бүхэнд хутгалдсан боол шивэгчин аятай шоовдор нэгэн байжээ. Энхрийлж хайрлагсад нь орхиж байхад эр нөхрийнхөө хайр халамжийг амсаагүй тэр эмэгтэйгээс ээлтэй хариу сонсохгүй дээ гэж бодсон ч үхлийн аймшиг, ганцаардлын гашуунд зүрх шимширсэн хархүн хамт явахыг түүнээс зориглон гуйлаа. Гэтэл ямар хариу сонссон гээч:
-Tа чинь миний эр нөхөр, би таны авааль эхнэр шүү дээ. Жаргал, зовлон, амьдрал, үхэл юу ч тохиолдсон бид хамтдаа байх болно гэжээ.Бурхан багш энэ ёгт үлгэрийн утгыг тайлбарласан нь:
Нэгдэх эхнэр бол бидний бие цогцсыг бэлгэдэж байгаа юм. Хүмүүс бие цогцсоо өдөр шөнөгүй хайрлан бөөцийлж , өнгөтнийг өмсгөж, амттыг идүүлэх гэж мэрийдэг ч эцсийн амьсгалаа хураах цагт эзэнд эргүүлж тушаахын адилаар энэ дэлхийд үлдээдэг. Хоёр дахь эхнэр нь эд баялаг, эрх мэдэл, нэр төрийг төлөөлж байгаа юм. Тэр бүхний олж авах гэж, олсон хойноо хадгалж харамлах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болон шаналж зүдэрдэг. Гэлээ ч үхэл ирэхийн цагт гавьяарах юм нэгээхэн ч үгүй, гар хоосон буцдаг жамтай.
Гурав дахь эхнэр бол бидний ах дүү, амраг садан, анд нөхөд. Хэчнээн ижил дасал болж, элэг зүрхээрээ уягдсан ч бай булшны газар, авсны дэргэд уйлж хоцрохоос биш, нөгөө ертөнцөд нөмөр нөөлөг болж явах хэн ч үгүй. Тэр бүгд түр зуурынх билээ. Ирэхдээ ганцаараа ирсэн шиг, буцахдаа ганцаараа л буцна. Тэгвэл дөрөв дэх эхнэр юуг билэгдэнэ вэ? Энэ бол бидний сүнсэн бие. Хүний ертөнцөд үдэлсэн аялал өндөрлөхийн цагт үхэшгүй сүнсэндээ үйлийн үрээ тэнчээлэн бид буцах болно. Үүрдийн амраг мэт түүнийгээ зуурдын холбоо сүлбээтнээс дорд үзэж, мунхралын бохир ялгадсаар гутааж явсан алдсыг хожим юугаар цайруулнам?
www.mongoliantemple.com web ees oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.