Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Хамаг гэгээрэгч болон гэгээрэлд замнагсдад мөргөмү.

Би ингэж сонссон юм.
Тэр цагт Бурхан багш Ражагриха их хотноо найман түмэн дээд сахилтан, гурван түм зургаан мянган бодь сэтгэлтэн нарын хамт суух бөлгөө… Тэнгэр нар цэцгийн хур буулгаж, цэнгэлийн хөг дуурьсган тахил өргөв. Учир нь тэд хосгүй их хөлгөний ариун сургаалийг хүсчээ. Тэндээс Бурхан багш цаглашгүй нөхдөөр хүрээлүүлэн хаврын дунд сарын арван тавнаа их сала модны ойд мориллоо.

“ Бурханы мөн чанарыг эс үзэгсдийг үзүүлье. Буртаг булингараас эс хагацагсдыг хагацуулъя. Зовлонтыг жаргалд умбуулж, хүлээстнийг эрх чөлөөнд учруулъя. Эдээр үгүйрэгсдийг эдээр цатгаж, номоор үгүйрэгсдийг номоор хангая… Бурхан багш эрдэнийн тавцанд залармагц биеийн шар үсний нүх бүгдээс их гэрэл зүг бүхэнд цацарч, хамаг ертөнцийг гийгүүлэв. Бурхан багшийн ариун гэрэлд умбасан түг түмэн огторгуй ертөнцийн орноос тоо томшгүй бодь сэтгэлтэн хуран чуулж, Бурхан багшид мөргөн гороолж, сууцгаав. Тэд бүгд Бурхан багшийн гурван хөлгөний сургаал эхэнд ч, дунд ч, эцэст ч өлзий буяныг хайрлах утга санаа, үг дохио гайхамшиг болсон ариун номыг сонсохоор чуулжээ…



“ Олон бурхдын номлосон ганц хөлгөний та юунд гурван хөлгөн60 болгож номлоно вэ” хэмээн тэднийг асуухад Бурхан багш зарлиг болруун: Хувь ерөөлт нөхөд минь ээ, Та бүгд элбэрэл журмын сэтгэлээр ийн асуусан тул сонстугай. Нэг хүнд гурван нэр буй, багадаа хүүхэд, өссөн хойно идэр, өтлөх цагт өтгөс гэгдэнэ. Миний гурван хөлгөн түүнтэй адил. Сэтгэл оюуны багтаамж уйтанд бага хөлгөнийг, дунд хирд дунд хөлгөнийг, агуу ихэд их хөлгөнийг зааюу.. Хураавал ганц хөлгөн бөгөөд, аргаар гурав болъюу. Бүгд их хөлгөнд хурах бөгөөд, их хөлгөн нь Бурхны хөлгөн болой. Агуу дээд хөлгөний ном ийм буюу…


Энэ бол хамаг бурхдын эх билээ. Энэ бол хамаг судрын хаан билээ. Энэ бол бодь сэтгэлтний замнал билээ. Агуу их гэтэлгэгч энэ судар их газар мэт сайн саар бүхнийг үүрнэ. Энэ судар их усан мэт хир буртаг бүхнийг угаана. Энэ судар их гал мэт азар бузар бүхнийг шатаана. Энэ судар их салхин мэт хашилга саад бүхнийг хйисгэнэ. Энэ судар их наран мэт элэр балар бүхнийг гийгүүлнэ. Энэ судар их огторгуй мэт буй бүхнийг эрхшээнэ.

Та бүхэн энэ номыг бишрэн тогтоож, эзэмшиж, дэлгэрүүлэгтүн. Тэгвэл дээд суу билгийг олох болно. Нас нөгчөөд, хаа төрсөн тэр төрөлдөө бурхны гэгээн нүүрийг үзэж, бурхны ариун чанарыг онож гаслан төөрөгдлөөс гэтэльюү. Учир нь юмс үзэгдэл бүхэнд бурхны мөн чанар бий. Гэвч буяны үндэс үгүй бодгальд би вээр учирлан номловч тэрээр танин мэдэж чадахгүй. Буяны үндэс нь түлэгдсэн үр шиг болсон хүн энэ үгсийг сонсох ч хувьгүй.
Эрт урьд заларсан бурхдад мөргөмү. Энэ цаг үед залрагч болон ирээдүйд залрах бурхдад мөргөмү.

Нэгэн бурхан, зуун бурхан, мянган бурхан, түмэн бурханд мөргөвөл цаглашгүй нүгэл хилэнц ариусъюу. Нэгэн түг түм, арван түг түм, зуун түг түм, мянган түг түм, түмэн түг түм, наяд гольд,



Ганга мөрний хумхийн тоотон61 тоолшгүй цаглашгүй далай ир бурхдад бишрэн мөргөмү. Тэдний алдар сууг сонсвол наян түмэн галав хүртэл тамын зовлонгоос гэтэлнэ. Тийн мөргөвөл сэтгэлийн мөн чанарыг нээж, хилэнц буртгийг ариусгаж, дээд номыг үргэлж сонсоно, их хөлгөний ёс суртал төгөлдөр болно. Их хөлгөнийг доромжлогч, эндүү буруу үзэгчид яаж үүнийг ойлгох вэ. Сэтгэл машид ариусвал эндүү буруу гэх зүйл үгүй болно.
Гурван цагийн далай их судар номд мөргөмү.


Арван хоёр аймаг судар62, билгийн чинадад хүрэх номын нэрийг сонсч, хүлээн авч, хүндлэн дэлгэрүүлэгчид хорин түмэн галавт тамын зовлонгоос гэтэлж, урьд хойт төрлөө тольдох зөн билгийг олно. Гурван цагийн далай их бодь сэтгэлт хөвгүүд, охидод мөргөмү. Тэдний алдар сууг сонсч, биширвэл дөчин мянган галавт тамын зовлонгоос гэтэлж, их хөлгөний дээд гэгээрэлд хүрэх чөлөө учрал бүрдэнэ.
Үнэмлэхүй утгаараа ганц эрдэнэ боловч бодь мөрөөр хөтлөхүйн тулд гурван эрдэнийг тийн номлоюу. Хэн боловч үхэл мөхөлд тулгаравч ариунаар сүсэглэн гурван эрднийн алдар сууг ийнхүү давтаж, Намо буддаяа, Намо дармаяа, Намо сангаяа хэмээн залбирвал тэр хүн төрөл арилжаад гаслант муу заяанд уналгүй арван зүгийн ертөнцийн орноос аль ерөөл өргөсөн тэр газраа төрөх болно.

Эгэл бэртэгчнүүд эхлэл олдошгүй цагаас мунхагт нэрвэгдэж, гурван сансрын гянданд эргэцэн, зургаан зүйлийн төрөл дамжин элдэв зовлон гамшгийг амссаар. Тэд аврал амрыг буруу зүгээс эрж, амь биеэ хорловч зовлонгоос гэтлэхгүй, гал ус руу үсрэвч орчлонгоос хагацахгүй. Тийм учир агуу их Бурхан багш асрал хайрын дээд бясалгалаар төөрөлдөгсдөд өмөг түшиг болгож, шатны гишгүүр мэт сургаалаа заав. Доод оюутанд гурван эрдэнийг тусгаар чанарт гэж номлоно. Дээд оюутанд чинад утгын гурван эрдэнийг нэгэн чанарт гэж номлоно…
Юуны учир эрдэнэ гэж нэрлэнэ вэ. Эд өлгийн эрдэнэсээр ахуй амьжиргааг үгүйрлээс авардаг бол гурван эрдэнэ ертөнцийн олон ардыг оюуны үгүйрлээс аварч, гэгээрүүлэх учир эрдэнэ гэгдмүй…


Мунхаг будангуйн нойрноос сэрсэн тул Бурхан гэгдэнэ. Багшаас үнэн утгыг хүлээн авах шавь тул Хувраг гэгдэнэ. Буртгийг ариусгаж сэтгэлд гийсэн бүхэн Ном эрдэнэ гэгдэнэ. Ариун буяны эрхээр хүмүүн заяаг олдог. Ариун номоос хагацвал хүмүүн заяа үгүй. Хүмүүн заяа доройтвол ном эрдэнэ хаана орших вэ. Номын эрхээр хүмүүн заяа бүтэж, хүмүүн заяаны эрхээр ном одъюу.
Тийм учир би вээр нэгдмэл чанарт гурван эрдэнийг номлож, төрөлхтөн бүхнийг үнэмлэхүй нэг хөлгөнд удирдму…



Гурван ертөнцийн мөнх бус жамыг ухаарч их хөлгөнийг бүтээгтүн. Мөнх бус жамыг ухаарснаар сэтгэлийн будангуйрлыг арилгаж, асрал хайрыг хөтөч болгон бусдад ариун үнэнийг түгээхдээ хариу харамж эс горилогч түүнийг бодь сэтгэлтэн хэмээнэ. Тийнхүү бусад амьтныг орхилгүйгээр их хөлгөнийг бүтээгтүн.


Нэгэн үлгэр өгүүлье. Баялаг тансаг эд агуурс бүхий олон хаалгат жаргалын хотхон байжээ. Тэнд хүрэх зам нь хавцал ангал, харанхуй хонгил, бэрх бартаа үлэмж ажгуу.Нэгэн хүн тэр хотхоны сургийг сонсоод, баялагт нь дурлаж хайрт ганц хөвгүүнээ орхин аян замд гарчээ. Зам зуурын бүх саадыг арга ухаан хэрэглэн даван туулаад, жаргалант хотхоны үүдэнд ирж, нэг хөлөөр босгыг давж, нөгөө хөлөө өргөж амжаагүй байхдаа ийнхүү бодсон гэнэ. Гав ганц үрээ орхиод гарсан билээ, би. Надаас өөр түүнийг минь хэн асарч ачлах билээ гэж сэтгэл дэнслэн хүүгээ авчрахаар эргэн явжээ.
Бодь сэтгэлтний элбэрэл журам тийм билээ. Тэд зөн билгийн мэлмий нээгдэвч амирласан хутагт оршилгүй эгэл хүмүүс рүү эргэн ирэх бөлгөө. Энэ үлгэрийн жаргалант хот гэдэг нь амирлангуй хутаг ажгуу. Олон хаалгат гэдэг нь найман түм лөрвөн мянган дияан бясалгалын хаалга буюу. Аюулт зам гэдэг нь шулмын хүчин буюу. Хотхоны үүдэнд хүрсэн гэдэг нь таван зүйл зөн билгийг эзэмшихийг хэлжээ. Нэг хөлөөр босго давсан гэдэг нь өөрөө амирласныг хэлжээ. Нөгөө хөл нь даваагүй гэдэг нь бусдыг гэгээрүүлж амжаагүйг хэлжээ. Ганц үрээ санасан гэдэг нь хамаг амьтныг ганц үр шигээ хайрлах бодьсадын нигүүлслийг хэлжээ. Хүүгээ авахаар харьсан гэдэг нь бусад амьтныг гэгээрэлд хөтлөх чин зорилгыг хэлжээ…

Дээд бодь сэтгэлтнүүд анх чин зоригийг үүсгэсэн мөчөөс эхлэн хэзээ гэгээрэх хүртлээ арван цагаан буянаар амьтныг тэтгэгтүн. Аль гэвэл, амь бүү тасал, хулгай бүү хий, садар самуунд бүү хутгалд, худал үг бүү хэл, хов жив бүү ярь, ширүүн үг бүү хэл, дэмий задгай бүү чалч, хомхой шунал бүү гарга, хорсол занал бүү өвөрлө, буруу зөрүү үзэлд бүү авт. Нигүүлсэхүй сэтгэлээр бусдад гэгээрлийн үүдийг нээснээр жаргалыг орныг тийн үзүүлюү.Их хөлгөний хутгийг бүтээх нь агуу бодь сэтгэлтний замнал билээ. Хувь ерөөлт шавь та гурван сансарт зорчиж, амьтдыг чөлөөлөхийг хүсвээс арван зарчмыг баримтлагтун.

Арван зарчим нь:
Магтаал муушаал хоёрыг адилхан хүлээж авах
Сайн муу цуу үгсийг үл тоомсорлох,
Цэцэн тэнэг хэнийг ч болов ялгалгүй хайрлах
Дээдэс доодос хэнтэй ч болов алгачлалгүй харьцах
Хүндэтгэх, эс хүндэтгэх алинд ч сэтгэл хоёрдохгүй байх
Бусдын гэм алдааг доог тохуу эс болгох,
Элдэв зүйл хөлгөн сургаалийг нэг л хөлгөн гэж үзэх
Гаслан цөхрөлийн дууг сонсовч айн жихүүцэхгүй байх,
Бодь сэтгэлтнүүдийг Бурхан адил үзэх,
Цөвт будангуй цаг үед гэгээрэгч залрахыг гайхамшиг гэж бишрэх.



Энэ арван зарчмыг баримталбал бузар буртаг дунд ч бодь сэтгэлтэн ариунаар оршино. Бодь сэтгэлтнүүд муу газар төрөвч бүү эмээ. Асар хүнд нүгэл хилэнцийг ч толгой өвдөх төдийгөөр арилгах болно. Дээд эрх чөлөө, ариун байдлыг хүсэгчид будангуй орчинд оровч гэгээн сургаалыг баримталснаар суу билиг дэлгэрнэ. Ариун дагшин орноо түг түмэн галавт ёс суртлыг сахин явснаас өнөө маргаашийн хооронд энэ буртагт ертөнцөд сахих нь үлэмж илүү. Юун гэвэл диваажинд зовлон бэрхшээлийн нэр төдий ч үгүй. Тэнд буян үйлдэхийг бэрх хэмээн үл сэтгэюү. Харин энэ буртагт ертөнцөд хүлцэшгүй бэрхийг өөрөө туулж, бусдыг замчилбаас дээдийн дээд буян болно. Тий учир бодь сэтгэлтнүүд зовлон бэрхшээл дүүрэн энэ ертөнцөд зорчихдоо гуниж гутрах нь үгүй, хамаг амьтныг өөд нь татаж, бат хичээнгүй сэтгэлийг үүсгэвээс л хосгүй дээд гэгээрлийг түргэн зуурт олъюу. Хувь ерөөлт шавь нараа,


Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал хатуу чанд сахил журмаас эмээхгүй.

Тэр дөрөв нь:

  • Бусдад үлэмж нигүүлсэх сэтгэлээр хандах,
  • Залхуу хойрго байдлыг цээрлэх,
  • Төрөх үхэхийн орчлонг зүүд гэж ойлгох,
    ,
  • Үнэн сэтгэлээр Бурхны суу билгийг сэтгэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал үнэн үгийн хүч алдрахгүй. Тэр дөрөв нь:
  • Үнэн үг нь юмс үзэгдэл хоосон чанартай гэж өгүүлэх,
  • Үнэн үг нь сансрын хүлээсэнд дурлах нь зүй бус гэж өгүүлэх,
  • Үнэн үг нь их хөлгөнийг үргэлж дээд зам мөр гэж өгүүлэх,
  • Үнэн үг нь нүгэл , буянт үйлийн үр шамшигдахгүй гэж өгүүлэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал буяны үндэс арвижна. Тэр дөрөв нь.
  • Ёс суртлыг сахих,
  • Үнэн мэдлэгийг эрэх,
  • Өглөг тусламж өгөх,
  • Даяанчлах

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал чанга чийрэг болно. Тэн дөрөв нь:
  • Гарз хохирлыг хүлээн авах,
  • Хараал зүхлийг хүлээн авах,
  • Дарлал доромжлолыг хүлээн авах,
  • Өвчин зовлонг хүлээн авах.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал ариун цагаан номыг цогцлооно. Тэр дөрөв нь:
  • Бусдад үйлийн үрийг ухуулах,
  • Өглөг тусламждаа хариу харамж үл горилох
  • Ариун сургаалыг сахин хамгаалах
  • Суу билгээр бодь сэтгэлтнүүдийг алдаршуулах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэгээрлийн арван түвшинг эзэмшинэ. Тэр дөрөв нь:

  • Буяны үндсийг өнө үүрд үүсгэх,
  • Гэм алдаа бүхнээ залруулах,
  • Арга ухаанд үлэмж мэргэжих,
  • Үйлдэл бүхнээ гэгээрэлд чиглүүлэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал арга ухаанд боловсорно. Тэр дөрөв нь:
  • Бусдын сэтгэл санаанд зохицох,
  • Бусдын сайн сайханд даган баясах,
  • Бусдын гэм алдаанд гэмшин харуусах
  • Бурхдаас ариун сургаал хүсэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал жолоодогч багш болно.
    Тэр дөрөв нь
    :
  • Үргэлж бусдад сайн сайхныг бэлэглэх
  • Өөрийн жаргал цэнгэлийг огоорох,
  • Хүлцэл тэвчээрийг сахих,
  • Уйдалт залхуурлаас ангижрах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал төрөл тутамд бодь сэтгэлээ хадгална. Тэр дөрөв нь:


  • Орон, цаг бүхний гэгээрэгсдэд залбирах,
  • Буянт үйл бүхнээ бусдыг аврах бодь хутагт зориулах,
  • Ариун үйлсийн залуурч багшийг шүтэх,
  • Их хөлгөнийг ямагт алдаршуулах

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал сэтгэл явдал хоёр нэгдэнэ. Тэр дөрөв нь:
  • Хэлбэрдмэл ёс жаягаас ангижрах,
  • Аминцар хүсэл эрмэлзлийг огоорох
  • Ариун сургаалыг эзэмшихдээ эс уйтгарлах
  • Аль эзэмшсэнээ бусдад түгээх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал эрдэнэт номыг бүтээнэ. Тэр дөрөв нь:
  • Их хөлгөний ном нь ховор чухаг тул дээд эрдэнэ гэж ойлгох,
  • Их хөлгөний ном нь сэтгэлийн өвчинг анагаах тул дээд эм гэж ойлгох,
  • Их хөлгөний ном нь хэзээ ч шамшигдахгүй тул нууц сан гэж ойлгох,
  • Их хөлгөний ном нь төгс гэгээрэлд хүргэх тул дээд зам гэж ойлгох.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэм алдаанаас хэлтрэх болно. Тэр дөрөв нь:
  • Юмсын мөн чанар хаанаас ч ирэхгүй тул шинээр үүсгэхгүйг ойлгох
  • Юмсын мөн чанар хаашаа ч буцахгүй тул хуучирч тасрахгүйг ойлгох.
  • Юмс үзэгдэл шалтгаан нөхцлөөс хараат тул шүтэн барилдлагыг ойлгох.
  • Тусгаар оршигч сэтгэл оюун үгүй тул хоосон чанарыг ойлгох.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал буртгаас ангижрах болно. Тэр дөрөв нь:
  • Үнэн зөв ухаарлыг эзэмших,
  • Мэдрэхүйн үүдийг хамгаалах,
  • Ариун үйлсийн хүчийг эрчимжүүлэх,
  • Амар тайван орчныг сонгож, хуран үймээнийг цээрлэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал олон нийттэй зохицож чадна. Тэр дөрөв нь:

  • Ариун номоор замнахдаа этгээд бус байх,,
  • Бусдыг үнэн сэтгэлээс хүндлэх,
  • Бусдыг зөв зам руу хөтлөвч өөрийгөө үл дөвийлгөх,
  • Бусдад ариун сургаал заавч ашиг алдрыг үл эрэх

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал номын өглөгийн үүдийг нээнэ. Тэр дөрөв нь:

  • Гэгээн сургаалыг сахин хамгаалах,
  • Өөрийн оюуныг гийгүүлж бусдад цацраах,
  • Үргэлж дээдсийн үлгэр дуурайл үзүүлэх,
  • Ариун бузар хоёрыг өнгөц үл ялгах.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал урьд өмнийн гэмээс болж сайн үйлс алдрахгүй. Тэр дөрөв нь:
  • Бусдын гэм алдааг үл сонжих,
  • Атаа хорсолтныг ч үргэлж хайрлах,
  • Юмс бүхний харилцан хамаарлыг ойлгох,
  • Хосгүй гэгээрлийг ямагт санах

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал бусдын үзэл бодолд авталгүй төгс төгөлдөр явна. Тэр дөрөв нь:
  • Үргэлж номын өглөгийг түгээх,
  • Бусдын гэм бурууг зарлахгүй байх,
  • Сурган боловсруулахад мэргэших,
  • Юмсын гүн чанарыг танин мэдэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал хүсэлт ертөнцөд төрнө. Тэр дөрөв нь:
  • Сэтгэлээ уян хатан байлгах
  • Буяны үндсийг бататгах,
  • Хамаг амьтныг хайрлах,
  • Арга билгийн хүч чадлыг эзэмших.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэгээрлийн замаас буцахгүй болно. Тэр дөрөв нь:
  • Төрөх үхэхийн орчлонг тоо томшгүй үзэвч уйдаж шантрахгүй байх,
  • Цаглашгүй гэгээрэгсдэд өргөл төхил ямагт үйлдэх,
  • Асрал хайрын сэтгэлийг дуусч дундаршгүй ундраах,
  • Цаглашгүй суу билиг дор үргэлж сүсэглэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал бурханлаг мөн чанарыг нээх болно. Тэр дөрөв нь:

  • Хамаг амьтныг гэсэн хүсэл зоригоо үл умартах,
  • Өгөөмөр байдлыг эрхэмлэх,
  • Шаргуу байдлыг эрхэмлэх,
  • Гэгээрлийн замыг гүнзгий сэтгэлээр судлах.


    Энэ судрын нэрийг Агуу их гэтэлгэгч, зүг бүхэнд дэлгэрсэн, шулмын хүчийг ялагч, буруу номтныг дарагч, будангуй төөрөгдлийг арилгагч, шуналын хүлээсийг тайлагч, сансрын гяндангаас чөлөөлөгч, зовлон бүхнийг амирлуулагч, дээд гэгээрлийн хатсан үрийг чийгшүүлэгч, агуу их зургаан зүйл чинад хязгаарт хүрэх номын хурыг буулгагч, гурван хөлгөний цэцэг ногоог дэлгэрүүлэгч, бодь хутгийн дээд үр жимсийг ганц хөлгөнд хэмээн тогтоогтун...

    Хэн нэгэн гурван мянган их мянган ертөнцийг63 чандмань эрдэнээр дүүргэж өглөг өгснөөс их хөлгөний энэ судрын нэр төдийг тогтоосон буян цаглашгүй их бөлгөө. Ахуй мянган ертөнц дүүрэн амьтны амь аварснаас энэ судрын нэгэн мөхлөг утгыг таниж, бусдад заасан буян цаглашгүй их бөлгөө. Учир нь, эд ахуйн тусламж бага хөлөгтний өглөг. Эд баялаг, амь насыг бэлэглэвч хүлээснээс гэтэлгэж чадахгүй. Их хөлгөний номын өглөг л амьтдад бодь хутгийн үндсийг төрүүлж, дээд оюуны амийг соёрхдог.
    Энэ судрыг уншиж, ухаарагч хүн урьд нь хилэнцтэн байсан ч одоо буянтан болно, урьд нь зовлонтон байсан ч одоо жаргалтан болно, урьд нь хүлээстэн байсан ч одоо эрх чөлөөтөн болно, урьд нь живсэн байсан ч одоо гатлагч болно, урьд нь мунхаг байсан ч одоо багш болно, урьд нь бохир байсан ч одоо цэвэр болно, урьд нь дордос байсан ч одоо хутагт болно, урьд нь төөрсөн байсан ч одоо замч болно, урьд нь эгэл байсан ч одоо суутан болно, урьд нь харанхуй байсан ч одоо гэгээрэгч болно.

    Хүмүүс Бурхан багшийг үзэхгүй учир буруу үзэлд автаж, бусармаг нүглийн замаар оржээ. Бурхан багш энэ ертөнцөд заларснаар ариун сургаалыг дээдлэх болсон. Нэгэн үлгэр өгүүлье. Ганц хүүтэй эцэг хүн байжээ. Тэр хүүдээ маш их хайртай тул өдөр шөнөгүй асран тэтгэж, сурган хүмүүжүүлэв. Хүү ч эцгээ хүндлэн дээдэлж, сургаал зааврыг нь биелүүлдэг байлаа. Нэгэн удаа эцэг нь хол аянд яваад өнө уджээ. Өнө удсан эцгээ үхэж хэмээн санаж уйлан шаналж, гуниж гутарсан өнөөх хүү эцгийн сургаал зааврыг цагийн элээсэнд мартаж, гэмт үйлд автах болов. Эцэст нь холын аянаас эцэг нь эргэн ирэхэд хүүгийн сэтгэл ч баяр жаргалаар тэнийж, эцгийн сургаалыг мартсанаа санаж гэмшжээ.

    Энэ үлгэрийн эцэг гэдэг нь Бурхан багш юм. Ганц хүү гэдэг нь хамаг төрөлхтөн юм. Эцгийн сургаал заавар гэдэг нь ёс суртахуун юм. Хол аянд өнө удсан гэдэг нь Бурхан багш өөр ертөнцөд номоо айлдахаар ажирсныг хэлжээ. Эцгээ үхэж хэмээн гуниж гутарсан гэдэг нь үнэнийг танихгүй төөрөгдөлд автсаныг хэлжээ. Эцэг нь эргэн ирсэн гэдэг нь Бурхан багш энэ ертөнцөд заларсныг хэлжээ.
    Энэ ариун судрыг сонсох нь Бурхан багшийн алдрыг сонсох мөн. Энэ ариун судрыг үзэх нь Бурхан багшийн дүрийг үзэх мөн. Энэ ариун судрыг барих нь Бурхан багшийн мутрыг барих мөн. Энэ ариун судрыг эзэмших нь Бурхан багшийн үйлсийг эзэмших мөн. Энэ ариун судрыг номлох нь Бурхан багшийн замналыг номлох мөн. Энэм ариун судрыг ухаарах нь Бурхан багшийн мөн чанарыг ухаарах мөн.
    Энэ бол сэтгэшгүй дээд их хөлгөний судар. Их хөлгөнийг далай гэвэл өчүүхэн хөлгөн туурайн оромны ус буюу. Их хөлгөнийг сүмбэр уул гэвэл өчүүхэн хөлгөн шоргоолжны үлий буюу. Их хөлгөнийг наран саран гэвэл өчүүхэн хөлгөн галын оч төдий... Их хөлгөн огтогуй мэт өнгөгүй хэлбэргүй, баригдашгүй, хэмжигдэшгүй, , дүүрэхгүй, дундрахгүй.
    Ертөнц болон ертөнц чинадын ном бүгд их хөлгөнд нэгдэнэ. Их хөлгөний энэ судрыг дээдлэгч түүнийг илт туулсан бурхан болно гэж зөн бошгийг би тунхагламуу. Хэн нэгэн ирээдүйд энэ судрыг ухаарч , үнэнийг үл мэдэгчдэд заан сургавал гурван эрдэнийн залгамж тасрахгүй. Бурхан багш ертөнцөд эс оршивч энэ судар оршсон тэр газар Бурхан багш заларсан мэт. Учир нь, би эрт урьд цаглашгүй бурхдаас энэ судрыг хүлээн авч, эвдрэх галавт эгэл бусдад заан сургасан тул гучин хоёр лагшин шинж бүрдсэн билээ. ...

Тэдгээр нь ийм буюу.
Чин сэтгэлээс ёс суртлыг гажуудуулалгүй сахисан тул өлмий тэгш шинж бүрдсэн. Багшдаа бие харамгүй үйлчилсэн тул гар, хөлөнд мянган хигээст алтан хүрдний шинж бүрдсэн. Хэнийг ч дорд үзээгүй тул өсгий уужим шинж бүрдсэн. Ариун судар номыг дээдэлсэн тул хуруу урт шинж бүрдсэн. Дөрвөн хураангуй үйлсийг64 барилдуулсан тул гар, хөлийн хуруу торлог холбоот шинж бүрдсэн. Сайн сайхан хувцасаа бусдад бэлэглэсэн тул гар, хөлний арьс зөөлөн бөгөөд залуу мариат шинж бүрдсэн.
Тансаг сайхан идээ ундаар бусдыг дайлсан тул долоон товгор (гар, хөлийн толио, эгэм, шилний хохорхой нь дүүрэн ) шинж бүрдсэн. Ариун сургаал сонсохдоо сөгдөн биширсэн тул шилбэ нь инаяа гөрөөснийх мэт шинж бүрдсэн. Бусдын нууцыг задруулж, хов жив үйлдээгүй тул нууцын орон нь далд ахуй шинж бүрдсэн. Арван цагаан буяныг бататгасан тул арслангийн цээж мэт шинж бүрдсэн. Буяны номыг өөрөө ухаарч, бусдад дэлгэрүүлсэн тул мөр тэнэгэр шинж бүрдсэн. Аюулд өртөгсдийг авран хамгаалсан тул үе тохой үзэсгэлэнт мөхрөг шинж бүрдсэн. Бусдын буянт үйлд нөхөр болж, атаа жөтөө , харам занг цээрлэсэн тул гар нь тойгондоо хүрэх урт уран шинж бүрдсэн. Цаг ямагт ариуслыг эрхэмлэж, амьтдыг асарч хайрласан тул бие агуу бөгөөд тэгш гоолиг шинж бүрдсэн.

Өвчтөнд эм тан, хоол унд өгөн сувилсан тул муу амьтыг ч тансагт урвуулж уусгах шинж бүрдсэн.
Дэмий чалчихыг цээрлэсэн тул хацар нь арслангийх мэт шинж бүрдсэн. Бүх амьтанд алагч сэтгэлгүй тэгш хандсан тул шүд нь тэгш бөгөөд дөчин тоот шинж бүрдсэн. Хэрэлдэн тэмцэгчдийг эв найрамдалд уриалсан тул шүд нь нягт бат шинж бүрдсэн. Үнэт эрдэнэсийг ч өглөг болгосон тул шүд нь эрдэнэ мэт шинж бүрдсэн. Бие, хэл, сэтгэл ариуссан тул шүд нь машид цагаан шинж бүрдсэн.Бусдад үргэлж эв зүйтэй үгийг хэлсэн тул дуу хоолой нь Эсрүн тэнгэрийн эгшигт шинж бүрдсэн.
Элбэрэл хайрын харцаар бусдыг харсан тул нүдний хар, цагаан тунамал ялгарах шинж бүрдсэн. Сэтгэл зүрхний угаас гэгээрэлд тэмүүлсэн тул зааны сормуус мэт шинж бүрдсэн. Бусдыг сайн сайханд даган баяссан тул нүүр нь сэндэр эрдэнийн чимэгт шинж бүрдсэн. Эцэг, эх, багш мэргэдийг хүндлэн дээдэлсэн тул, тэргүүндээ үснир төгөлдөр шинж бүрдсэн.
Их хөлгөний ном дор биширсэн тул арьс нь машид зөөлөн торгомсог шинж бүрдсэн. Байр сууцыг бусдад өглөг болгосон тул арьс нь алтлаг өнгөт шинж бүрдсэн. Доромж тохуу, шалиг самуун үгсийг тэвчсэн тул шар үс нэг бүрчлэн нар зөв эргэсэн шинж бүрдсэн. Багш дээдсийн сургаал зааврыг ягштал биелүүлсэн тул гишүүний үс өөдөө эрчилсэн шинж бүрдсэн. Цаглашүгүй эрдэмд суралцсан тул хөл урт гоолиг шинж бүрдсэн. Бусдыг ариун бясалгалд уриалсан тул наяагродха мод мэт эн тураг тэгш шинж бүрдсэн.
Хувь ерөөлтнүүд тийнхүү замнавал гучин хоёр лагшин шинж бүрдэх болой...
Хамаг ном хоосон чанартай агаад үсэг буй тул ном гэнэ. Номын дотор үсэг үгүй, үсгийн дотор ном үгүй. Үнэмлэхүй чанарыг үсгээр илэрхийлэх аргагүй ч янагуухь байдалд үсэг болгон үзүүлэв. Учир нь эгэл хүмүүс бодь хутгийг үсгээс ангид хүртэж мэдэж чадахгүй. .. Бурхан багш эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй, бодь хутагт замнасан ч бус, бодь хутгаас урвасан ч бус, үнэнд хүрсэн ч бус, үнэнээс ангижирсан ч бус.

Би вээр төгс баясгалант тэнгэрийн оронд төрсөн нь ч хоосон чанартай, түүнээс бууж эхийн умайд орсон нь ч, дөрвөн зүгт долоо долоо алхаж “ Би ертөнцийг гийгүүлэгч” гэж хэлсэн нь ч, хааны ордонд үзэсгэлэнт охидтой цэнгэсэн ч, ертөнцийн бичиг эрдэмд суралцсан ч, ид хавыг эзэмшсэн ч бүгд хоосон чанартай. Бусдыг гэгээрүүлэх л зорилго буюу.
Өтөлсөн хүнтэй учирснаараа бие махбоддоо тачаагчдыг сэнхрүүлсэн юм. Өвдсөн хүнтэй учирснаараа амьдралд тачаагчдыг сэнхэрүүлсэн юм. Үхсэн хүнтэй учирснаараа “ БИ” гэх, “ МИНИЙХ” гэх шуналтныг сэнхэрүүлсэн юм. Даяанч хуврагтай учирснаараа Эсрүн Хурмастын жаргалд дурлалгүй, гэгээрэлд тэмүүлэхийг ятгасан юм. Хааны ордныг орхин одсоноороо гурван ертөнцийн гяндангаас гарахыг үзүүлсэн юм. Гэзэг үсээ огтолж, чимэг зүүлтээ мулталж, Чандака хүлгийнхээ хамт дагуул нөхөртөө тушаасан нь хүлээс буртаг бүхнээс чөлөөлөгдөхийг бэлгэдсэн юм.

Үдрака, Арада арш нараас үнэнийг эрж сурвалжилсан нь өөрийн омгийг дарахыг бэлгэдсэн юм. Зургаан жил хатуужил амссан нь тэрс буруу үзлийг арилгахыг бэлгэдсэн юм. Эцэст нь зоог барьсан нь эгэл амьдралтай зохицохыг бэлгэдсэн юм. Свастика өвс авсан нь үнэнийг танихыг бэлгэдсэн юм. Өвсөө дэвсэж суусан нь мунхгийг дарахыг бэлгэдсэн юм. Тэнгэр, лус даяар өргөл хүндлэл үзүүлсэн нь эрдмийн үр боловсрохыг бэлгэдсэн юм. Шулмын хүчнийг ялсан нь баатарлаг суу залийг бэлгэдсэн юм. Газар дэлхий дэнслэн хөдөлсөн нь ачийн хариуг бэлгэдсэн юм. 65
Хамаг юмсын мөн чанарыг танисан тул Сэрж сэхээрсэн хэмээмүй. Ном сургаал бүр нь гэгээрлийн утгыг заах тул Түүнчлэн ирсэн хэмээмүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйн буян, нүглийг ялгах тул Хамгийг тольдогч хэмээмүй. Үнэнийг өгүүлэх тул тэнгэр, хүмүүний багш хэмээмүй. Хэн нэгэн тийнхүү суралцвал бодь сэтгэлтэн “ бодисадва” болно. Түүнээс эсрэг замнавал бодисадва бус, хамаг бурхдыг мэхлэгч гэгдэнэ. Хамаг бурхал гарах ч үгүй, орох ч үгүй, төрөх ч үгүй, үхэх ч үгүй боловч төөрөлдсөн амьтдыг хүлээлснээс чөлөөлөхийн тулд л ертөнцөд залрав гэж хэлдэг, нирваан дүр үзүүлэв гэж хэлдэг.

Бурхан багш арван зүг, гурван цагийн бурхдын алдар суу, арван хоёр аймаг судрын алдар суу, бодь сэтгэлтэн гэгээрэлд замнагсдын алдар сууг арслангийн дуугаар номлох авай. Арслангийн дуун гэдэг нь үнэн үгийн хүчийг илтгэнэ. Бурхан багш мөнхөд соён гийгүүлэх үнэнийг илтгэнэ. Хамаг амьтан бурханлаг мөн чанартай. Гэсэн үнэнийг илтгэнэ. Тэр дуунд харанхуй шулмын хүчин, тэрс буруу номлргчид чичрэн аюух тул арслангийн дуун гэгдмүй.

Тэр дуунд ертөнц дахин зургаан зүйлээр дэнслэн хөдөлж, аман гэгээнээс цацрах гэрэлд арван зүг гялбан гийхэд мөнх бустанд мөнхийн амь соёрхож, ариун бустанд ариуны манлайг цацрааж, зовлонтонд жаргалын дээдийг хүртээж, мунхагтанд гэгээрлийн билгийг түгээнэм. Бурхан багшийн тэр гэрэл хүрсэн уул толгод, ой шугуйд, тал хөндий, гол мөрөн, далай тэнгис, хүрээ мандал, тамын ертөнц ч уусан хайлж овон товонгүй тэв тэгшхэн, буртаг тортоггүй цэв цэвэрхэн, дорнын тэнгэрт тэргэл саран гиймэл лүгээ адил боллоо.



Тэр үед Бурхан багшийн хувилгаан дүрүүд тэнгэрээс цэцгийн хур мэт асгаран бууж, газраас үүлэн уур мэт дэгдэн хөөрч орон зайг дүүргэхгүй, хувилгаан дүр бүхэн нэгэн дуугаар:
Бурхан багш мөнхөд соён гийгүүлмүй.
Хамаг амьтанд бурханлаг чанар буй.
Юмс үзэгдэл бүгд хоосон чанартай.

Гэгээрлийн зам ганцхан боловч эгэл хүмүүс гурван хөлгөн болгож үзюү. хэмээн ном айлдмагцаа бүгд үзэгдэхээ больж гагцхүү Бурхан багш мөн биеэр суудалдаа залрах авай. Энэ гайхамшигт хувиллыг Бурхан багшийн адистидаар үзсэн олонхи шавь нарын билгийн нүдэн нээгдлээ.
Тэгээд Бурхан багш арслангийн дуугаар зарилаг болруун: Энэ бол гагцхүү Бурхны хүчин бус, гагцхүү Номын хүчин бус, гагцхүү Хуврагийн хүчин биш. Бүгд нэгдэн цогцолсны хүчинд л Бурхан хамаг амьтны итгэл өмөг, эцэг эх болно, Бодь сэтгэлтнүүд буяны садан болно... Тийм учир Бурхан ч Ном юм, Ном ч Хувраг юм. Хувраг гэхүл хуран эс үүдсэн чанартай. Хуран эс үүдсэн хоосон чанар, хуран үүдсэн хоосон чанар, дотоод хоосон чанар, гадаад хоосон чанар, агуу хоосон чанар, өчүүхэн хоосон чанар ав адил хоосон чанар буюу, түүнээс ангид зүйл үгүй.. Үлгэрлэвэл, нэгэн хүн хоосон огторгуйгаас айх бөгөөс хааш зугтавч, юунд бүгэвч, огторгуйгаас салж эс чадна. Арван зүгийн бурхдын номлосон, бас миний номлосон буяны зам мөр, шалтгаан нөхцөл, гурван эрдэнэ, гурван хөлгөн бүгд нэгэн чанараас үл хэтэрмүй.
Бурхан багшийн тэр айлдварыг сонсоод Арслан дуут бодисадва ийн өчив: Энэ судар бол бурхдын эх, бодь сэтгэлтний гарц, егүзэр нарын нүд мөн тул буруу үзэлтнийг залруулж, буртагт сэтгэлтнийг ариутгаж, дорд заяаны хавхлагийг хааж, дээд гэгээрлийн үүдийг нээж, бага хөлгөнөөс урвуулан, их хөлгөнд удирдахын тулд би вээр агуу их тогтоол тарниар сахин хамгаалсугай. Энэ судрыг дээдлэгч хэн бүхнийг сахин хамгаалсугай... Энэ судрыг дээдлэх нь гурван эрдэнийг дээдэлсэнтэй адил, Бурхан багшийг дээдэлсэнтэй адил билээ.
Ингээд Арслан дуут бодисадва Бурхан багшийн өмнө энэхүү тогтоол тарнийг өгүүлвэй. Намо будда яа, намо дарма яа, намо санга яа, а данди дарани, датаха, ага шани бави, сарва дармани бави, и ша мада, виба шана, вимала сүбари, дарма ни хана, барүни зала дамалэ, залэ, хүлү хүлү, шиви дэ, мандра мандра, мандрай суухаа.
Энэ тогтоол тарнийг найман зуун түмэн тоот бурхад номолсон бөгөөд өнөөдр би вээр өгүүлвэй. Энэ тарнийг доромж үзвэл тэр бүх бурхдыг ч доромж үзсэнтэй адил... Энэ тарнийг сэтгэлдээ агуулж, архи махыг цээрлэн, үймээн шуугианаас хол үлэмж асрал хайрыг ундраан, бясалгалыг эрхэм болговол тэр хүн цаглашгүй бэрх алдас нүглийг ч арилгах болно...
Бурхан багш Арслан дуут бодисадваг зөвшөөн сайшааж, зарилаг болруун: Хэн ч болов таны нэр, тарнийн дууг сонсоод итгэн сүсэглэж, доромж үзэхгүй л аваас тэр хүн энэ насандаа ч энх эсэн жаргаж, төрөл арилжихдаан ч хамаг бурхдыг үзэж, намайг ч үзэж, тань тэргүүтэн бодисадва нарыг ч үзэх болно.Төгс дээд гэгээрэлд магад хүрэхэд эргэлзэх зүйлгүй.

Буртаг бүхнээс ангижирч,
Буянт мөрөөр замнаж,
Бурханлаг чанарыг нээх нь
Чин ариун сүсгийн л хүчин буюу...
Намайг нирваан дүр үзүүлсний хойно хувь ерөөлт хөвгүүд, охид нэгэн өдөр буюу шөнө, нэгэн мөчлөг буюу хоромхонд арван зүг, гурван цагийн гэгээн бурхад, арван хоёр ай сав судрын чуулган, агуу бодь сэтгэлтэн бүхэнд мөргөн биширч, их хөлгөнийг санаж, үнэмлэхүй үнэнийг сэтгэвээс л тэр хүмүүн хуруу инчдэх зуур арван хар нүгэл, таван завсаргүй хилэнц, тэгш чанарыг үгүйсгэсэн тэрс гажууд алдаа бүхнээ ариусгах болно... Тэндээс Буян үзэгч нэрт хан хөвгүүн тэргүүтэн гурван мянган иргэн Бурхан багшийн асрангуй зарлигийг сонсоод, хувцсаа засч, алгаа хавсран мөргөж, дээд хувцсаа баруун мөрөндөө тохож, баруун тойгоо газар сөгтгөн Бурхан багшид ийн өчив: Бурхан багш минь, бид арван зүгийн бурхдад итгэмү.
Арван зүгийн номд итгэмү. Арван зүгийн буянт хуврагуудад итгэмү... Гурван эрдэнэ тэнгэрийн мэлмийтэн, тэнгэрийн сонортон бүхэн тольдогтун, сонсогтун. Гэрч болон соёрх. Хамаг амьтанд гэмшээгүй, наманчлаагүй алдас буй бүхэн арилах болтугай. Бид бүхэн эх үзүүргүй цагаас энэ төрөлд төртлөө эндүү буруу сэтгэлээр хураасан гэм нүгэл, бузар буртгийг өгүүлж баршгүй билээ. Гэвч сэрж сэхээрэхийн оронд муу сэтгэлээ улам дэврээж, мунхаг нүглээ улам зузаалсаар. Урт уужим оюуны хараа сунгалтгүй, давчуу бүгчим энэ насны хашилга дотор төөрч мунгинасан хэвээр.
Чивэлт нөхрийг шүтэж, ачлалт нөхдийг доромжилж, эцэг эхдээ зүй бусаар хандаж, эрхэм буяны эд баялгийг хулгайлж, элдэв нүгэл үйлдсэн нь тоо томшгүй. Гэгээрэлд замнагчдыг гутааж, номын багшдаа тэрсэлж, номыг ном бус хэмээн, ном бусыг ном хэмээсэн, гурван эрдэнийг үгүйсэгсэн, өгөөмөр сэтгэл суу билгийг умартсан, өтөл дорд зүйлст биширч дурласан тэр бүхэндээ өнөөдөр эмээн халаглаж баршгүй, ичиж гутарч баршгүй.
Гурван эрдэнийг авралаа болгон залбирнам. Бурхан багш та бол элбэрэлт эцэг эх минь билээ. Бодь сэтгэлтэн бүгд итгэлт хань нөхөд минь билээ. Тоолшгүй галбын алдаа төөрөгдөлдөө гэмшин харууссаныг минь ялган соёрх. Ахин алдахгүйг сүслэн хүснэм... Шунал тачаал, уур хорсол, мунхаг харанхуйд нэрвэгдэж, эрүүл ухаанаа алдсанаар бие, хэл, сэтгэлийн гурван үүдээр хураасан буртаг булингар, өөрөө хийсэн, өрөөл бусдаар хийлгүүлсэн, даган баяссан хилэнц бүхнээ өнөөдөр нэгд нэггүй наманчилъя, нууж хаалгүй уудалъя, ахиж үүсгэлгүй ариусгая... Арван зүгийн гэгээн бурхдад бид өргөл тахил ийн өргөсөн буянаар хамаг амьтад гэгээрлийн арван түвшинг эзэлж, түүнчлэн ажрагч, дайсныг дарагч, үнэнрүү туулагч бодь хутаг төгссөн бурхан болтугай.




Хан хөвгүүний өчлийг сонсоод Бурхан багш зарилаг болруун:
“ Их богд чи алдаа оноог ялгахдаа мэргэн агаад, өөрийн алдас бурууг гэмшин ариусгаад зогсохгүй олон амьтны хилэнц нүглийг ч гашуудан наманчилсан тул чамайг их богд хэмээмүй... Ганц амин хувийн ашиг хэргийг дээдлэлгүй, нэн түрүүнд хамаг амьтны тусын тулд гэгээрэх ерөөл хүслээ өргөсөн тул чамайг их богд хэмээмүй” гэж соёрхол хүртээвэй.

Буян үзэгч хан хөвгүүн тэргүүтэн гурван мянган иргэн Бурхан багшид ийн магтаал өргөв: Орь дээд төгс гэгээрэгч та
Орчлонгийн амьтдыг ганц үр шигээ энэрэхдээ
Огтхон ч ялгаварлалгүй ханддаг
Оройн эрдэнэ танд мөргөе.
Бэртэгчин баячуул аминцар зорилгоор
Эд эрдэнэ өгөвч хариу хэргэм горилдог.
Их нигүүлсэгч та тийм бус
Дайсан, садан ялгалгүй тусалдаг.
Хоёр хөлтний дундаас ялгуугч та л
Билгийн мэлмий төгс тул
Хойргоших аргагүй итгэл бишрэлээ танд өргөнөм,
Тийм суу билгийг бусад тэнгэрээс эрэлтгүй л.
Өнгөрсөн, ирээдүй, энэ цагт залрагч
Бүх гэгээрэгсдэд би биширнэм.
Түүнчлэн танд л итгэж биширч чадвал
Гурван цагийн бурхдад биширсэн болох.


Тэгэхүүл арван зүгийн гэгээн бурхад Буян үзэгч хан хөвгүүн тэргүүтэн тэдгээр гурван мянган хүнд билиг магтаалыг дуурьсгасан нь:

Хэн ч бай гэгээрэхийг хүсч
Жинхэнэ үнэнийг эрэн сурвалжилж,
Буянт багшаа дээдэлж чадвал
Бодь хутаг хол бус.
Хэн ч бай ариун журмыг сахивал
Тэр жинхэнэ хувраг мөн.
Хэн ч бай хоосон чанарыг ухаарвал
Тэр жинхэнэ бясалгагч мөн.
Хэн ч бай хичээнгүйг эрхэмлэвэл
Тэр жинхэнэ бодь явдалтан.
Хэн ч бай хүлээснээс ангижирвал
Тэр жинхэнэ аз жаргалтан....
Тийм ариун хүнд
Дээд тэнгэрс бишрэн үйлчлэх нь
Тэнгэрийн зардас барлагууд
Хурмаст эзэндээ үйлчлэх мэт ээ.
Энэ даруйд ачийг амсч,
Эцэс хойно ч барагдашгүй еэ
Эрхэм дээд журмыг сахигч нь
Бурхан багшийн ачийг хариулагч мөн..
Арван зүгийн бурхан бүгд
Ашид соён гийгүүлнэ гэж,
Ариун ном, хуврагийг ч
Адил тийнхүү ойлгогч нь
Бурхан багшийн ачийг хариулагч мөн..
Өнгөрсөн, одоо ирээдүйд ч
Орон зүг хаана ч
Гэгээрлийн зам цогц нэмэгдэл гэж,
Хоёрдуулж, гуравдуулж эс бодогч нь
Бурхан багшийн ачийг хариулагч мөн.
Бурхад бусдыг чөлөөлөхийн тулд
Мөнхийн хайраа зориулсан гэж,
Бурхны ариун чанар
Амьтан бүхэнд буй гэж
Итгэлтэй еэ хэлэгч тэр нь
Бурхан багшийн ачйиг хариулагч мөн.
Агшин хормын буян үйлдэхдээ ч
Асар тэнгэрсийн цэнгэл горьдолгүй
Ариун дээд гэгээрэлд зориулагч нь
Бурхан багшийн ачийг хариулагч мөн.
Бурхан багшийг нирваан дүр үзүүлсний хойно
Эгшин хормын төдий ч болов
Энэ судрыг уншсанаар
Гурван эрдэнэд итгэж,
Багш юугаа өргөн хүндэлбэл
Тэр хүн
Бурхан багшийн ачыг хариулагч мөн..
Бурхны шашин эвдэрсэн үед ч
Бурхан багшийн ачийг хариулахыг хүсч,
Хормын төдий бясалгал хийвээс
Хотол мянган ертөнцийн
Амьтны амь аварсан буянаас
Асар олон дахин буян хураана.
Тийм бясалгагчийг доромжилж,
Тийм буянтныг хямраавал
Ахуй мянган ертөнцийн
Амьтдыг нядалсантай адил..
Тийм сүсэггүй хүн
Гурван эрдэнийн язгуурыг тасалж,
Бурхан багшийн ачийг хөсөрдүүлэгч мөн.

Тэндээс Буян үзэгч хан хүү тэргүүтэн гурван мянган иргэд сүслэн биширч, ийн өчрүүн:
Жинхэнэ дээд үнэн
Юмс бүгдтэй харшлахгүй.
Амьтан бүхнийг нигүүлсэхийн тулд
Арга ухаанаар номын хүрдийг эрүүлмүй.
Ариун хутагт нар хаанаас заларна
Аугаа Бурхан багш тэндээс залармуй.
Туйлын дээд үнэн ямар мэт
Бурхан багш ч түүнчлэн билээ.
Хутагт мэргэдийн үнэн үг ямар мэт
Бурхан багшийн сургаал түүнчлэн билээ.
Тийм учир ялагч таны алдрыг
Түүнчлэн залрагч хэмээдэг.
Тэвчээр хүлцлийн хөө хуягтан,
Тэмцэл зүтгэлийн хүчир нумтан,
Суу билгийн түргэн сумтан та
Залихай мунхгийн дайсныг сөнөөж,
Даяар дуурьссан тул алдрыг тань
Дайсныг дарагч хэмээдэг.
Зовлонт шинж чанарыг танисан,
Зовлонгийн уг үндсийг ч танисан,
Зовлон амирласан чанарыг ч танисан,
Тийн амирлуулах аргыг ч олсон
Үлэмж дөрвөн үнэнийг тольдож
Өгүүлшгүй утгыг тайлсан тул
Зүг бүхэнд таны алдрыг
Үнэн төгөлдөр хэмээдэг.
Дээд гурван ухааныг эзэмшиж,
Явдал мөр бүхнийг ариусгасан
Тийм учир таны алдрыг
Ялж төгс нөгчсөн хэмээдэг.
Үзэгдэл юмсыг нэвтэрхий болгоож,
Үнэмлэхүй чанарыг илэрхий нээснээр
Олон амьтны тусын тулд
Орон цагт нийцүүлж, уран аргаар номлосон,
Төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн эргүүлгээс гэтэлгэж,
Түвшин амгаланд хүргэсэн, та
Тийм учир таны алдрыг
Амгалан ажрагч хэмээдэг.
Ертөнц юунаас үүдсэн хийгээд,
Ертөнцийн хязгааргүйг мэдсэн
Тийм учир таны алдрыг
Ертөнцийг танигч хэмээдэг.
Их нигүүлслээр амьтныг аврагч,
Элбэрэл журмаар номхотгосон
Тийм учир таны алдрыг
Төрөлхтөнийг номхотгон жолоодогч гэдэг.
Ёс суртахуун, ариун бясалгал
Суу билигт тань эн тэнцэх хэн ч үгүй
Тийм учир таны алдрыг
Эгнэшгүй хэмээдэг.
Хир буртаг үгүй билгүүн төгс
Дээд гэгээрлийг заасан
Тийм учир таны алдрыг
Тэнгэр хүмүүний багш хэмээдэг.


Гурван цагийн амьд болон амьгүй,
Ахуй болон хоосон үзэгдэл юмсыг

Ариун бодь модны дор тольдсон Тийм учир таны алдрыг
Сэрж сэхээрсэн хэмээдэг.

Тэндээс арван зүгийн гэгээн бурхад агуу их хувилгаан бясалгалд оршихуйяа биес нь огторгуйд халиад, нэгэн дуугаар ийн айлдав: “ Аяа, Буян үзэгч хан хүү тэргүүтэн та бүхний алдас хилэнцийн мөн чанар дотор ч эс орших, гадна ч эс орших, завсарт ч эс орших бөлгөө. Сэтгэл чинь бат тул буяны хүч чинь бат. Сэтгэл асар ариун тул хилэнцийн мөн чанар ч асар арилсан. Оюун билиг хоосон чанартай тул хилэнц нүгэл ч хоосон чанартай. Итгэлийн хүч агуу тул ариун үйлсийн хүчин ч агуу..”

Тэндээс Бурхан багш зарлиг болруун:

Хилэнц нүгэлтнүүд хилэнц нүглээ наманчлахыг хүсвэл Буян үзэгч хан хүү мэт наманчилж, гурван цагийн бурхад, арван хоёр ай сав судрын чуулган, бодь сэтгэлтэн буян үйлдэгчдэд зорин мөргөж, надтай учрахтай адил сэтгэлийг өвөрлөвөөс.. тэд цаглашгүй буяныг хүртэж, орчлонгийн хүнд бэрх хилэнц зовлонг арилгах болно. Тэд тоолшгүй галбыг хүртэл муу заяанд уналгүй, дээд гэгээрлийн номд амар амгалан орших нь магад тул бүү эргэлзтүгэй...
Чин сэтгэлээс гурван эрдэнэд задбирч, чин сэтгэлээс их хөлгөнд биширч, чин сэтгэлээс үнэмлэхүй үнэнд дуршиж, чин сэтгэлээс ариун буянд хичээж өдөр шөнийн зургаан мөчлөгт энэ судрыг амны уншлаша болгон, ариун усаар угаал үйлдэн, анхилам хүжсээр түллэг хийн наманчилбаас арван зүгт эрчим долгис түгнэ. Тэр цагт би вээр Ганга мөрний дусал хумхийн тоотон бурхад, бодь сэтгэлтэн нарын хамт дуун эгшийн мөрөөр тэр гэрийн дотор гийгүүлэн заларч, шид хүчний эрхийг соёрхоно. Долоон өдөр, шөнө түүнчлэн үйлдвээс сааргүй еэ хилэнц бүхэн ариусна.

Хилэнц арилсныг хэрхэн мэдэх вэ гэвэл, эгэл хүмүүс үнэмлэхүй үнэнд нэвтэрч амжаагүй тул зүүдний совин бэлгийг шинжигтүн... Их мөрнийг гатлах гэж их гүүрэн дээгүүр одож зүүдэлбээс тэр нь хүлээснээс гэтлэхийн тэмдэг. Бусад хүн өөрт угаал өргөх буюу хурын ус биед буухыг зүүдэлбээс тэр нь асар ариусахуйн тэмдэг. Олон хувраг, буян үйлдэгчдийн дунд сууж, ширээнд заларч зүүдэлбээс тэр нь Бурхан багшийн үнэнч шавь болохын тэмдэг. Суврага, сүмд нэвтэрч, бурхад бодисадва нарын дүр хөргийг үзэн зүүдэлбээс тэр нь дээд номын өргөөнд орохын тэмдэг. Цэцэрлэг тариалангийн ургац олж, идэж зүүдэлбэл эрдмийн үр илт боловсрохын тэмдэг...

Хэн нэгэн ариун ёс суртлаас давж, тэгш чанарт харшилсан тэрс гажууд нүглээ гэмшин наманчлахгүй бол тэр хүн төрөл арилжсан даруйд Аюус (Амсхийх чөлөөгүй ) тамд гарцаагүй унах болно... Агшин зуур ч амсхийх чөлөөгүй тул Аюус там хэмээнэ. Тэнд амсах зовлон нь түм буман зовлонгийн дундаас хамгийн тэсэшгүй, хамгийн ёроолгүй нь тул зүйрлэж хэлэх ч зүйлгүй....

Тийм учир хилэнц нүгэлтнүүд яаравчлан наманчлал үйлдэж, гурван эрдэнэд итгэл сэтгэлээ даатгагтун..

Намайг нирваан дүр үзүүлсний хойно хувь ерөөлт хөвгүүд, охид хэн ч бай агшин зуурын итгэл бишрэлийг үүсгэгтүн. Энэ судрыг бичиж, уншиж, урин залж агшин зуурын дурьдал, ухаарал, итгэл, бишрэлийг өвөрлөвөл агшин зуурт түг түмэн наяд гольд Ганга мөрний дусал хумхийн тоотон галавт халдсан орчлонгийн хир тоосыг гөвөх болно.Тийм учраас л Бурхан багш үүрд мөнх соён гийгүүлэх нь илт билээ.

Хэрцгий догшин, бузар шалиг явдалтан хэн ч бай хилэнцээ ариусгах боломжтой. Эцгээ алсан Ажаташатрү, эеийг эвдсэн Дэвадатта, 66 энэрэлгүй алуурч Ангулимали нар бие, сэтгэлийн нүгэлт явдалтан байсан тул Амсхийх чөлөөгүй тамд гарцаагүй унах байв. Гэвч арван зүг, гурван цагийн гэгээрэгсдэд сүслэн мөргөсөн тул Бурхан багш нирваан дүр үзүүлэхээс өмнө тоолшгүй галбаар хэлтэрсэн билээ л .. Тийм уншлага залбирал, мөргөл бясалгал нь ахуй мянган ертөнцийн орныг дүүртэл суврага босгосон буянаас ч үлэмж их ээ.
Тэндээс Маха Кашьяапа, Шарибудра, Ананда нар болон номын сахиусан тэнгэрс, Эсрүн Хурмаст, Загарварди, Махаранз нар бүгдээрээ Бурхан багшийн өлмий дор тэргүүн бөхийн энэ тангараг үгийг өгүүлцгээв: Бурхан багшийг нирваан дүр үзүүлсний хойно ч бил энэ номыг хотол олонд түгээн дэлгэрүүлсүгэй. Бие сэтгэл ашид амгалан жаргахын тулд итгэн бишрэгчдийг сахин хамгаалсугай...

Бурхан багш зарилаг болруун: Хувь ерөөлт шавь нар минь, энэ судрын нэрийг Хүнд сахилтанд туслагч хэмээн тогтоогтун. Очир эрдэнийн зүрхэн гэж тогтоогтун. Ай савын цаглашгүй үүд гэж тогтоогтун. Хамаг номын хураангуй гэж тогтоогтун. Эгнэшгүй их , зүйрлэшгүй дээд гэж тогтоогтун. Агуу их гэтэлгэгч, зүг бүхэнд дэлгэрсэн судар гэж тогтоогтун...


Бурхан багш энэ судрыг айлдах үед цаглашгүй олон бодь сэтгэлтэн харилтгүй төгс гэгээрэлд хүрэв. Найман түмэн бага хөлөгтөн их хөлөгний сэтгэлийг эзэмшив. Арван мянган гэлэн архадын хутгийг олов. Найман түм дөрвөн мянган тэнгэр, хүмүүн заяатан ариун номын нүдийг нээв. Зуун мянган амьтан гэгээрлийн замд сэтгэл шулуудав. Бурхан багшийг тийн айлдсанд бодь сэтгэлтний чуулган, тэнгэр, хүн, асур, гандирсын ертөнц даяар даган баясч, Ялж төгс нөгчсөн багшийн зарилаг сургаалыг дээдлэн магтжээ.


Эх сурвалж: http://www.dharma.mn/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=45&Itemid=86


Сайн үйлс дэлгэрэх болтугай.