Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)












IV Жинхэнэ гарын авлагаар шавийг сургах дараалал Энэ нь хоёр хэсэгтэй:
1. Багшийг шүтэх ёс
2. Багшийг ёсчлон шүтсэн шавь хэрхэн суралцах тухай
А. Багш шавийн барилдлага бол гэгээрлийн үндэс
Багшийг хэрхэн шүтэх тухай хоёр хэсгээр тодорхой тайлбарлана:
1. Ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй өгүүлэх
2. Бясалгах журам
Ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй өгүүлэх
Адишагийн Гол агуулгын дээж-д:
Их хөлгөний бүлд багтсан хүн
Эрхэм багшид өөөрийгөө даатгадаг хэмээсэн.
Мөн Долбагийн эмхэтгэсэн Бодовагийн сургаал зохиолд:
Гэгээрлийн багшид үнэнч байх нь бүх гарын авлагын гол утга учир юм. гэсэн байдаг.
Шавь ямар нэг эрхэм чанарыг эзэмших, алдаа дутагдлаас салахаас эхлээд аливаа сайн сайханд хүрэх нь гагцхүү гэгээрлийн багшаас хамаардаг. Тиймээс юуны түрүүнд багшийг шүтэх ёстой.
Бодисадвагийн эрдэм мэдлэгийн чуулбар-т ийн өгүүлжээ: Товчоор хэлбэл, бодисадвагийн үйл хэрэгт суралцах, түүнийг төгс эзэмших, улмаар төгс чанарын туйлд хүрэх. Мөн зам мөрөөр төвшин ахиж, тэвчээр, бясалгалын төвлөрөл, шууд танин мэдэхүйг эзэмших, үзсэнээ хэрэгжүүлэх, энэ бүхнийг эцсийн зорилгод чиглүүлэх болон гэгээрлийн төвшний эрхэм чанарыг эзэмших хийгээд бүрэн гэгээрэх нь зөвхөн багшаас шалтгаалдаг. Багш бол энэ бүгдийн үндэс, тэрээр дээрх чанаруудыг соёолуулна. Багш бол тэр бүхний эх булаг, дээрх чанарууд түүнээс л ундарна. Багш тэдгээр чанаруудыг хөгжүүлнэ, улам аривжуулна. Багш бол энэ бүхний тулгуур нь, нөхцөл нь билээ.
Мөн Бодова энэ тухай хэлэхдээ:
Төгс нирваанд хүрэхэд багшаас илүү хэрэгтэй зүйл үгүй. Эгэл жирийн амьдралд ч багшгүй бүтэх юм байдаггүй. Гэтэл муу төрлөөс дөнгөж ирчихээд огт мэдэхгүй замаар багшгүй явж болох уу? хэмээсэн байдаг
а. Шүтвэл зохих багшийн шинж чанар

Ер нь эрхэм зарлиг болон түүний тайлбарт хөлгөн бүр өөр өөрийнхөөрөө багшийн шинж чанарыг тодорхойлсон байдаг. Харин энд гурван төвшний хүнийг Их хөлгөний зам мөрөөр хөтөлж төгс гэгээрлийн төвшинд хүргэх багшийн тухай ярих болно. Энэ талаар Судар аймгийн чимэгт өгүүлэхдээ:

Номхорсон, амгалан, амирлангуй
Эрдэм чадлаар үлэмж, хичээнгүй, арвин мэдлэгтэй
Оршихуйн мөн чанарыг ухаарсан, уран илтэгдэг
Энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой багшийг шүт.
Ийм арван сайн чанар шингээсэн багшийг шүтэх ёстой хэмээн хутагт Майдар өгүүлжээ. Мөн өөрийн сэтгэлийг номхотгоогүй бол бусдын сэтгэлийг номхруулж чадахгүй гэж хэлсэн учир бусдын сэтгэлийг номхруулах багш эхлээд өөрийн сэтгэлийг номхруулсан байх учиртай. Харин хэрхэн номхруулдаг вэ? Зөвхөн өөрт аль хялбарыг нь дагаж, бусад эрхэм чанаруудыг оромдоод орхичихсон хүн бусдад тус нэмэр болохгүй. Харин Буддагийн сургаалыг бүхэлд нь даган өөрийгөө номхотгох хэрэгтэй. Тэр сургааль нь эрдэнэ мэт гурван заавар журам гэх нь ч бий. Сэтгэлийг номхтогоно гэдэг нь ёс зүйн заавар журам дагана гэсэн үг. Энэ тухай Аминчлан гэгээрэхүй номд:
Аргамжаа, чөдөргүй ардаг догшин
Аргамаг, эмнэг сэтгэлийн хүлэгт
Ам гай, хазаар, ташуур тааруулж
Аль хүссэнээрээ залах нь гэгээрэл
хэмээсэн байдаг билээ.
Мөн Айлдварын утгыг тодруулах бүлэг-т ийн дурьджээ:
Ёс суртахуун бол номхроогүй шавийн хазаар билээ.
Эмнэг сургагчид сайн хазаар чухал байдаг. Түүнтэй адил сэтгэл буруу мэдрэхүйд
татагдаж, догшин морь шиг буруу тийшээ зүтгэхийг нь хазаарлан зогсоох ёстой. Зөв чигт хандуулдаг ёс зүйн заавар журмыг хичээнгүйлэн дагавал сэтгэл хэмээх догшин морь номхорно.

Амгалан гэдэг нь санамж, сэрэмждээ тулгуурлан зөвийг дагаж, буруугаас зайлсхийж, дотоод сэтгэлийн амгаланг олдог сэтгэл төвлөрлийн заавар журмыг эзэмшихийг хэлнэ. Амарлингуй гэдэг нь сэтгэлээ жолоодсон амгаланд түшиглэн, үнэмлэхүй үнэнийг задлан шинжилдэг билэг оюуны заавар журам юм. Гэхдээ гурван заавар журмаар өөрийн сэтгэлийг номхотгох нь хангалтгүй. Багш хүн онолын эрдэмтэй байх учиртай. Гурван аймаг савын мэдлэгтэй байхыг арвин мэдлэгтэй гэдэг. Донбова “Багш нь Их хөлгөнийг олонтаа судалсан, өргөн мэдлэгтэй байх ёстой, гэхдээ хүн бүрийн хэр хэмжээнд тохирсон, хэн бүхэнд хэрэг болох гарын авлага өгч чаддаг байх учиртай” гэсэн байдаг. Оршихуйн мөн чанарыг ухаарах гэдэгт юмс үзэгдлийн Би- үгүй мөн чанарыг ойлгосон билэг оюуны охь болсон онцгой чадвар болох үнэнийг шууд танин мэдэхүйг эрхэмлэн үздэг. Ийм чадваргүй ч гэсэн онол болон учир шалтгааны үүднээс ойлгон тайлбарладаг байх ёстой.
Харин багш хүн эдгээр чадвар, мэдлэгээр шавиасаа доогуур эсвэл адилхан байж таарахгүй, үлэмж илүү байх учиртай. Гэгээрлийн багшийн тухай цоморлиг-т энэ талаар ийн өгүүлсэн байдаг:

Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйгээ зэрэгцвэл ахихгүй мухардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун.
Амгалант сэтгэл, ёс суртаалтанг
Амьтанд үлгэрлэгч гэгээн оюунтанг
Ашид дагах үлгэрээ болговоос
Аяндаа чи үлэмж сайн болноо.
Пүчүнба нэгэнтээ “Суут дээдсийн намтрыг сонсоод өөртөө илүү их зорилго тавьсан” гэжээ. Мөн Тааши “Би Радэнгийн хийдийн ахмад үеийнхнийгөөрийн үлгэр дууриалаа болгосон” хэмээн хэлсэн байдаг. Энэ дагуу өөрөөс эрхэм чанараар илүү нэгнийг үлгэр дууриал болгох нь чухал. Дээр дурьдсан номхорсон, амгалан, амирлангуй, арвин мэдлэгтэй, эрдэм чадлаар үлэмж илүү, оршихуйн мөн чанарыг ухаарсан зургаан чанар нь багш хүн өөрийгөө хөгжүүлэхэд хамаарна. Харин шавийн ой тойнд буухаар уран өгүүлдэг, энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой, хичээнгүй дөрвөн чанар нь шавийг сургахад шаардагдана.

Энэ тухай Будда ийн хэлсэн юм:
Будда хилэнцийг усаар угаадаггүй
Бусдын зовлонг гараар арилгадаггүй
Өөрийн эрдэм чадлыг өрөөлд юүлдэггүй
Үнэн жам ёсыг таниулан гэгээрүүлдэг.

Гэгээрэгсэд бусдад эргэлзээгүй үнэний зам мөрийг зааж, араасаа дагуулдаг болохоос “хилэнцийг усаар угаах” мэтээр тусалдаггүй ажээ.

Багшийн үлдсэн дөрвөн чанарын нэг уран өгүүлэх нь номлолын утгыг ямар дарааллаар зааж шавийн ухаанд шингээхээ мэднэ гэсэн үг. Харин энэрэнгүй нь номлол зааж буй зорилго нь ариун буюу ямар нэг ашиг хонжоо, нэр хүнд горьдохгүй энэрэл, хайранд хөтлөгдөн заахыг хэлж байгаа юм. Бодова нэгэнтээ Жанавад “Лимогийн хүү минь, өдий болтол би номлол заахдаа надад хэрэг болно доо гэж бодож байгаагүй. Зовлонгүй амьтан байхгүй гэдэг үнэн шүү” гэсэн гэдэг. Багш хүн ийм л байх хэрэгтэй.
Хичээнгүй гэдэг нь бусдад туслах унтрашгүй эрмэлзэлтэй байхыг хэлж байгаа юм. Ажилдаа дур сонирхолтой гэдэг бол ахин дахин заасан ч ядардаггүй, зааж сургах бэрхшээлээс халшрахгүй байна гэсэн үг.
Бодова нэгэнтээ:

Гурван заавар журам дээр үнэний ухаарал, энэрэл хоёр нэмэгдэж байж хамгийн гол таван чанар болдог. Шанзүн багш маань тийм ч их мэдлэгтэй биш, тэвчээр багатайн дээр бусдын ачийг бодно гэж байхгүй. Гэвч дээрх таван гол чанар түүнд байсан болохоор ойр тойрондоо хэрэг болдог байлаа. Бас Няндон багшид уран илтгэх чадвар огт байхгүй. Ямар нэг зүйл заахад нь бид “энэ бүхнээс ганц нь ч толгойд үлдсэнгүй” гэцгээдэг байсан ч гол таван чанар түүнд байсан тул дэргэд нь байсан бүхэнд тус болсон юм хэмээсэн.

Харин гурван заавар журмыг эзэмшээгүй, биелүүлдэггүй хэрнээ тэр тухай сайхан ярьдаг, эрхэм чанарыг шагшин магтаж амиа аргацаадаг хүн багш байж таарахгүй. Үнэндээ өөрт нь юу ч байхгүй болохоор түүний яриа хий хоосон юм. Зандан модыг магтаж хоолоо олдог хүнээс бусад хүмүүс “Чамд зандан байна уу” гэж зандан асууж сураглавал”Байхгүй” л гэж хэлнэ. Өөртөө эрхэм чанар төлөвшүүлээгүй хэрнээ дэмий баахан ярьдаг багш ийм хүнтэй яг адилхан. Бясалгалын хаан сударт энэ тухай өгүүлэхдээ:
Айсуй тэр цагийн хуврагууд
Сахил, суртлаа гадаа орхино
Сайтар мэдэгчийн дүрийг өмсөнө
Санваар, гэгээрлийг цэцэрхэл болгоно
Санадаг, хийдэг нь хол зөрнө.
гэж хэлсэн байдаг.

Сэтгэл төвлөрөл, билэг оюун, нирваан гурав ч үүнтэй адилхан болох тухай Бясалгалын хаан сударт ингэж хэлжээ:
Агар зандангийн үнэр тансагийг
Анхилах шахтал ярьдаг хүнээс
Анхилуун нь чамд шингэсэн үү гэвэл
Амьдрах арга минь эндээ л гэдэг
Өөрт байхгүй агарын үнэрийг
Өрөөл бусдад сайрхагчтай адил.
Суртал сахиж,ёгтоо нэвтрэхгүй
Сураг ярьж дүвчигнэгч ч олширно.
Судрын энэ үг сэтгэл төвлөрөл, билэг оюун, нирваан гурвууланд нь хамаатай. Гэгээрлийн багш бол ашдын үйл хэргийн хөтөч юм. Тиймээс багшид өөрийгөө даатгахыг хүсэгчид энэ бүхнийг сайтар ухамсарлаж, дээрх шинж чанар бүрэлдсэн нэгнийг цуцалтгүй хай. Мөн бусдад замчлахыг хүсэгчид ч тэр бүхнийг ухаарч эдгээр шинж чанарыг өөртөө бүрдүүлэхийг хичээ.
Асуулт: Цагийн эрхээр дээрх бүх эрхэм чанарыг шингээсэн багш олоход хэцүү болжээ. Тийм багш олдохгүй бол яах вэ?
Хариулт: Энэ асуултад Субахугийн асуултанд хариулсан судар ийм хариу өгч байна:

Өрөөсөн дугуйтай хагас тэрэг
Морь хөллөөд ч ахихгүйн адил
Өөд хөтлөх багшгүй бол
Бясалгал гэгээрэлд ахих аргагүй.
Үзэсгэлэнт дээрээ ухаантай бол
Үлэмж цэмцгэр нямбай бол
Үнэн номлолыг хүртсэн бол
Үзтэл түүнээ дээдлэсэн бол
Гэгээрэх замдаа итгэлтэй бол
Гэмгүй дөлгөөн ч зоригтой бол
Хэл яриа цэцэн бол
Хэнээс илүү энэрэлтэй бол
Өлсөж цангахад энэлдэггүй бол
Өвчин шаналалд сөхөрдөггүй бол
Өрөөлийн тусыг мартдаггүй бол
Өгөөмөр ариун сэтгэлтэй бол
Буруу номд ороогүй бол
Гурван эрдэнэд сүсэгтэй бол
Ноттой хэлэхэд тэр нэгэн
Номын нөхөр лав мөөн.
Дээр өгүүлсэн эрхэм чанартныг
Дэлхийн будангуйгаас олох амаргүй ээ
Дээд чанаруудын хагастай нь нэгэн
Дэргэд учирвал хувь ерөөл өө.

Барагтай таарахгүй эрхэм чанарууд
Багахан байлаа ч бүү алгас
Баганхи тал нь ч, наймны нэг нь ч
Байдаг л юм бол нууц тарниар нөхөрлө өө.

Энэ бол бүрэн төгс шинж чанарын ядаж наймны нэгийг эзэмшсэн байх ёстой гэсэн үг. Долбагийн эмхэтгэсэн Бодовагийн сургаал-д “Багш ч гэсэн ийм л байх ёстой” гэж Адиша хэлсэн хэмээн тэмдэглэжээ. Энд тодорхойлсон бүх шинж чанаруудыг төгс бүрэлдүүлэх хэцүү, хялбар алин боловч багш хүн ядаж наймны нэгийг нь эзэмшсэн байх хэрэгтэй.

б. Багшийг шүтэх шавийн шинж чанар

Арьядэвагийн Дөрвөн зуут-д:
Шударга, ухаалаг, дур сонирхолтой бол
Гэгээрэл дүүрэх сав болно
Багш, шавь алин нь ч биесүүдээ
Баалах, өөлөх ч бас л цээртэй.

Хутагт Арьядэва ийм гурван чанартай хүнийг номлол сонсож болох шавь хэмээн тодорхойлжээ. Дээрх гурван чанар бүрдсэн хүн багшийн эрхэм чанарыг сайн зүйл гэж хүлээж авахаас бус алдаа гэж үздэггүй. Мөн тэр хүн шавийн эрхэм чанарыг ч зүй ёсоор хүлээн зөвшөөрнө. Харин шавийн шинж чанар бүрдээгүй хүн номлол заах багш нь хэдий өө сэвгүй байлаа ч өөрийн буруугаас гэмтэн мэт үзэх эсвэл бүх алдаа дутагдлыг нь зөв зүйтэй мэт ойлгох явдал бий гэж Чандракирти тайлбартаа өгүүлсэн байдаг. Тэгэхээр бүр шину чанар бүрдсэн багш таарсан ч түүнийг олж танина гэдэг хэцүү, үүнээс үүдээд шавь өөртөө дээрх чанаруудыг шингээсэн байх ёстой.
Нэг талыг барьж туйлшрахгүй байхыг шудрага гэнэ. Хэрэв туйлширвал түүндээ хөтлөгдөн зөв зүйтэй талыг олж харахгүй, багш сайн зааж сургасан ч утгыг нь ухаарахгүй. Бхававевика өөрийн Төв үзлийн мөн чанар бүтээлдээ:
Туйлширвал сэтгэлийн гэмд автагдаж
Амгаланг огт ойлгож чадахгүй
гэсэн байдаг.
Өөрийн үзэл бодолдоо хэт баригдаж, бусад сургаал номлолыг үзэн ядахыг туйлшрах гэдэг. Ийм хандлага өөрт чинь байгаа эсэхийг ажиглаад өөрчлөх нь зүйтэй. Энэ тухай Бодисадвагийн гэгээрэлд хүрэх сударт:
Хувийн үзэл бодлоосоо салж, номлогч, багш нарынхаа сургаал зохиолд уусан орж, сүсэглэ хэмээсэн.

Асуулт: Ингээд л боллоо гэж үү?
Хариулт: Туйлширдаггүй байж болно, гэхдээ зөв сургаал номлолыг буруугаас нь гарцаагүй ялгах оюуны чадваргүй бол шавь болж чадахгүй учир тэр хоёрыг ялгаж чадахуйц ухаалаг байх ёстой. Хэрэв ухаалаг бол хэрэггүйг нь орхиж, хэрэгтэйг нь дагадаг.
Асуулт: Энэ хоёр чанар байхад л хангалттай юу?
Хариулт: Хэдийгээр дээрх чанаруудыг агуулж байлаа ч сургаалт үлгэр сонсож байгаа мэт зүгээр сууснаар номлол сонсох шавь болж чадахгүй. Маш их идэвхи зүтгэл гаргах ёстой. Чандракирти өөрийн тайлбартаа эдгээр чанарууд дээр номлол болон багшийг хүндэтгэх, сэтгэлээ зориулах хоёрыг нэмээд шавийн таван чанар гэж тодорхойлжээ. Мөн эдгээр таван чанарыг хураавал дөрөв болно:

1. номлолд дур сонирхолтой
2. сонсоход сэтгэлээ зориулах
3. номлол болон багшийг хүндэтгэх
4. буруу сургаалыг орхин зөвийг нь дагах

Энэ дөрвийг саруул ухаанаар зохицуулж, төв шудрага зангаар зөрчлийг давдаг.
Багшид өөрийгөө даатгах шавийн дээрх шинж чанар өөрт гүйцэд бүрдсэн эсэхийг шинжигтүн. Бүд бүрдсэн бол баярлахаас өөр аргагүй. Хараахан бүрдээгүй бол хойшдоо бүрдэх нөхцөл бий болгохын тулд шавийн үндсэн шинж чанаруудыг мэддэг байх ёстой.

Мэдэхгүй аваас өөрийгөө шинжиж чадалгүй агуу сайхан боломжоо алдахад хүрнэ.

в.Шавь нь багшийг шүтэх ёс
Шавьд байх чанаруудыг шингээсэн нэгэн дээр дурьдсан ёсоор тухайн хүнд багшийн шинж чанар буй эсэхийг сайн шинж. Тоочсон шинж чанарыг өөртөө шингээсэн бол түүнээс номлол сургаал сонсож болно. Гэвш Долбова, Санпүва хоёр багшийг шүтсэн өөр өөр намтартай байдаг. Санпүва олон багштай, тэр хэрээр янз бүрийн сургаал сонсдог байж гэнэ. Тэгэхэд нөхөд нь авчихаар юм алга гэцгээн ундууцахад Санпүва “Та нар юу ярина вэ? Би хэрэгтэй хоёр зүйл мэдэж авлаа” гэсэн гэдэг.

Харин гэвш Долбова таваас хэтрэхээргүй цөөхөн багштай байсан юм. Бодова, Гомборинчэн нар энэ хоёрын алин нь сайн болохыг хэлэлцээд “Ухаан тэлээгүй нөхцөлд багшаасаа зөвхөн дутагдал олж хараад сүсэг төрөхгүй. Сүсэг төртлөө их удна, тэгэхээр гэвш Долбовагийн багшийг шүтэх ёс нь илүү зохимжтой тул түүний ёсыг баримталъя” гэж шийджээ. Энэ тун зөв шийдвэр, уг ёсыг дагаарай.

Багшаас номлол, сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт. Харин бүрэн гарын авлагаар сэтгэл оюуныг жолоодох багшийг шүтнэ гэдэг онцгой зүйл билээ.

1| Багшийг шүтэх санаа бодол
Үүнийг гурван хэсгээр тайлбарлана:
Багшийг шүтэх ерөнхий хандлага
Гол үндэс болох сүсгийг бататгах
Багшийн ачийг дурсан санаж бишрэх
а| Багшийг шүтэх ерөнхий хандлага

Гол модон байгуулах судар-т багшид хүндэтгэлтэй хандах есөн хандлага бий хэмээн заажээ. Тэдгээр нь багшийг шүтэх гол санааг агуулах бөгөөд хураангуйлбал дөрвөн зүйл болдог.

Дуулгавартай хүү мэт хандлага. Өөрийн зоргоор явахаа больж, багшийн удирдлагад бүрэн орно. Дуулгавартай хүүхэд аливааг өөрийн зоргоор хийдэггүй. Эцгээсээ зөвлөгөө хүсэж, хэлсэн үгийг нь дагадаг. Үүнтэй адил багшаас зөвлөгөө хүсэж бай. Энэ цагийн гэгээрэгсдийн бясалгал судар-т:

Шавь өөрийн буруу дадал бүхнээ орхиж, багшийн зөвлөгөөг дагадаг. эсэн байна. Гэхдээ багшийн шинж чанар бүрдсэн нэгнийг л дага, барагтайхан нэгэнд дөрлүүлж болохгүй гэж сануулжээ.

Эвдрэшгүй алмааз мэт хандлага. Шулам болон буруу санаатан багшаас нь салгаж чадахааргүй ижилсэж, номын нөхөр болно. Дээрх сударт энэ тухай ингэж өгүүлжээ: Улааныг үзээд урваж, шарыг хараад шарвалзахыг цээрлэ.

Хөдлөшгүй газар мэт хандлага. Багшийн оноосон ажил, үүрэгт хариуцлагатай хандана. Ямар ч үүрэг өгсөн халширч, шантарч болохгүй. Бодова бээр Жанавагийн шавь нарт хандан:
Та нар миний багш шиг бодисадватай учирч хэлснийг нь дагаж яваа чинь хувь заяа шүү. Өгсөн үүргийг нь дарамт биш шагнал гэж бодоцгоо.
хэмээсэн юм шүү.
Үүрэгтээ хариуцлагатай хандах. Энд зургаан төрлийн хандлага бий.

а. Ямар ч зовлон тохиолдсон ажрахгүй байхыг хүрээлсэн уулс мэт хандлага гэнэ. Жанаваг Рүгвад очиход бясалгагч Гомбо Ёндонбар хүйтэнд зутарчихсан байжээ. Тэгээд Шоннүдагва эрхэм дээр очдог юм билүү гэж асууж гэнэ. Тэгэхэд нь Жанава “Үлэмж тансаг ордонд өдий болтол налайж суусан. Одоо шиг Их хөлгөний багшийг шүтэн, номлол сонсож байгаа ийм боломж дахин гарахгүй, хаашаа ч битгий яв” гэжээ. Уг хандлагыг дээрх маягаар ойлгох нь зүйтэй.

б. Өөрийн муу үйлийн үрийг эдлэвч огт гутрахгүй байхыг зарц мэт хандлага гэнэ. Адиша орчуулагч нарын хами Занд ирээд шавар шавхайтай газар буужээ. Тэгэхэд Донбова хамаг хувцасаа урж шавхайг цэвэрлээд хаа нэгтэйгээс хуурай цагаан шороо авчран дэвсэж суудал зассан аж. Мөн Адишагийн өмнө Мандал хийж тавьжээ. Тэгэхэд Адиша “Хөөх, чам шиг шавь Энэтхэгт л байдаг юм” хэмээн уулга алдсан гэдэг.

в. Аливаа ихэрхэл, бардам зангаа сайн дарж, өөрийгөө багшаас доогуур тавихыг бараа бологч мэт хандлага гэнэ. Гэвш Донбова “ Бардам зангийн сайраас эрхэм чанарын булаг ундрахгүй” гэсэн юм. Мөн Жанава “Урин цаг ирэхээр эхлээд уулын орой ногоорох нь уу, бэл нь ногоорох нь уу хараарай” гэж хэлсэн байдаг.

г. Багшийн өгсөн халширмаар хүнд,хэцүү ажил үүргийг баяр хөөртэй гүйцэлдүүлэхийг хөлөг мэт хандлага гэнэ.

д. Багш загнаж, зэмлэсэн ч уурлахгүй байхыг нохой мэт хандлага гэнэ. Багш Долүнба бурханч гэвш Лхасог таарах болгондоо загнадаг байжээ. Нэг удаа Лхасогийн шавь Нягмова Долүнба багшид нь уурлаж байхыг хараад “Таныг загнаж байгааг ойлгож байна уу?” гэж асуухад “Би ингэж загнуулах тоолондоо Хэрүга бурханы хүчийг олж авдаг” хэмээн Лхасо хариулсан гэдэг. Мөн Билэг оюуныг төгөлдөржүүлэх найман мянган бадагт сударт:

Багш нь шавиа загнаж, тоомжиргүй хандсан ч тэрсэлдэж болохгүй. харин улам бүр номлол руу тэмүүлж, сүсэглэн араас нь уйгагүй яв, хэмээсэн байдаг.

е. Багш ямар ч ажил үүрэг өгсөн нааш, цааш явахаас залхахгүй байхыг сал мэт хандлага гэнэ.

б| Гол үндэс болох сүсгийг бататгах
Гурван эрдэнийн зулын зар сударт:
Сүсэглэх сэтгэл нь гэгэээрлийн ээж тул
Сүүгээр тэжээх мэт ухаарлаар амлуулж
Үрээ харамлах мэт зовлонгоос гэтэлгэж
Үүрдийн цэнгэлд гараас хөтөлнө.
Элэг зүрхэнд сүсэг оршиход
Эрхшээх омог бишрэлээр солигдоно
Эд баялагт хөл болж хүргэнэ
Эрхэм буяныг гар болж хураана.

Түүнчлэн Арван чанарын судар-т ийн өгүүлсэн байдаг.

Сүсэг бишрэл нь гэгээрэлд хүргэх
Сүйх тэрэг, унаа хүлэг мөн.
Сүйхээтэй хүн үүнийг л таньж
Сүсгээ хүлэглэн дээшээ дэвжинэ.

Өчүүхэн төдий ч сүсэггүй хүмүүнд
Өөдлөх гэгээрэх хүсэл ч төрдөггүй нь
Үнс болж түлэгдсэн буурцагнаас
Үр соёолох ерөөлгүйн адил аа.

Энд сүсэгтэй, сүсэггүй хоёр байдлыг харьцуулан эрхэм чанар бүхний үндэс нь сүсэг болохыг харуулжээ.
Гэвш Донбова Адишад “Төвдөд олон бясалгагч байдаг. Харин онцгой чадвартай болсон хүн ганц ч алга” гэжээ. Тэгэхэд Адиша “Их хөлгөний их, бага эрхэм чанарын аль нь ч багшийг хэрхэн шүтсэнээс хамаарч хөгждөг. Төвдүүд та нар багшдаа жирийн хүнээс дээргүй хандаж байна. Тэгэхээр яаж ч сайн чанар хөгжих билээ” гэжээ. Мөн хэн нэгэн чанга дуугаар “Адиша, гарын авлага хайрдаач” гэхэд “ Ха,Ха, би сонсгол сайтай шүү” хэмээн хөхрөөд “Сүсэг бол миний гарын авлага. Сүсэглэ, Сүсэглэ” хэмээсэн гэдэг. Тиймээс сүсэг хамгаас чухал шүү.

Ер нь Гурван эрдэнэ, үйлийн үр, дөрвөн үнэнд сүсэглэх тухай ярьж байгаа билээ. Шавь нь багшдаа хэрхэн хандах тухай Важрананийн авшиг авах тарни- д:

Нууцын эзэн минь. Шавь нь багшдаа хэрхэн хандах вэ гэвэл Ялж төгс гэгээрсэн Буддатай адилхан хандана.

Сэтгэл зөвдөхөд зам зөвдөж
Сэвтээх садаа өөрөө ховхроно
Алдаагүй зөв дадал эзэмшиж
Амьтанд туслах бурхан болно.
гэж өгүүлсэн байдаг.
Их хөлгөний судар, номуудад багшийгаа Ялгуулсан Будда хэмээн сэтгэх хэрэгтэй гэж өгүүлдэг. Ёс зүйн судар-т ч мөн ингэж заасан билээ. Багшийгаа амьд Будда хэмээн ухамсарлахын хэрээр түүнээс дутагдал эрэхээ больж, эрхэм чанарыг нь олж харах ухаан төрдөг учиртай. Тиймээс багшийг буруу талаас нь ажиглахын оронд сайн чанарыг нь олж харах ухаан хөгжүүл. Важрананийн авшиг авах тарни-д мөн ийн өгүүлжээ:

Сайн сайхнаар нь багшийг үнэл
Саар алдааг нь байхгүй юм шиг март
Сайшаасны хэрээр л сайнаас хүртэнэ
Саараар нь дуудвал саарлыг нь л авна.

Үүнийг баримтал. Багш маш олон эрхэм чанартай байтал өчүүхэн алдаа, дутагдлыг нь анзаараад байвал оюун ухааны шидийг олоход саад болно. Багшид алдаа, дутагдал нэлээд байлаа ч бүү ойшоо. Харин эрхэм чанарт нь сүсэглэвэл оюун ухааны шидийг эзэмших үндэс болно.

Тиймээс өөрийн багшид их бага ямар нэг дутагдалтай ч түүнийг нь өөрчилдөг буруу бодлоо дар. Ахин дахин дадлуулбал тийм зан үгүй болно. Хэрвээ ингэж чадахгүй, эсвэл буруу санаандаа автан дутагдал дээр нь анхаарал төвлөрөөд байвал гэмээ наминчилж, дахин давтахгүй гэж андгайл. Тэгвэл аажимдаа ийм зан дарагдана.

Мөн багшийн ёс суртахуун, эрдэм мэдлэг, сүсэг зэрэг аль байгаа эрхэм чанарт нь анхаарал хандуулж тэр сайн талыг нь үргэлж санаж, бодож бай. Ингэж сурвал зарим нэг дутагдал байсан ч сайн чанарт нь сэтгэл төвлөрч сүсэглэхэд саадгүй болно. Жишээ авъя л даа. Чиний дургүй хүн олон сайхан чанартай ч зөвхөн алдаа дутагдлыг нь хайх сэтгэл түүний сайн талыг олж харах нүд хаадаг. Нөгөө төлөөр өөрөө олон дутагдалтай ч ганц нэг сайн чанараа дөвийлгөн бодсоор өөрийнхөө алдааг олж хардаггүй.
Адиша гүн ухааны хувьд мадхьямика үзэл баримталдаг, багш Серлинба нь читтаматра сакаравадийн үзэлтэй байсан юм. Үзэл онолын үүднээс үзвэл багш шавь хоёрын хооронд их бага ялгаа бий. Гэхдээ Адиша Их хөлгөнд суралцах үндсэн шат болсон гэгээрэх тэмүүллийг Серлинбагийн гарын авлагаар хөгжүүлсэн билээ. Тийм учраас түүнийг бусад багш нараасаа дээгүүр тавьдаг байсан.
Багшийг зөвхөн сайн талаас нь харж, дутагдлыг нь анзаарахгүй байх нь зүй бус ч гэлээ сурах л хэрэгтэй. Ганц шад сургаал хэлж өгсөн байсан ч ингэж хандвал зохино. Энэ талаар Нандин эрдэнийн үүл судар-т ийн өгүүлжээ:

Багшийг дагавал зөв дадал нэмэгдэж, алдаа дутагдал цөөрнө. Багш чинь их бага судалсан, мэдлэгтэй мэдлэггүй, ёс зүйгээ сахидаг, сахидаггүй ямар ч байсан Ялгуулсан Будда хэмээн бодож сур. Буддатай учирвал баярлаж, сүсэглэх тэр л хэмжээгээр багшдаа баярлаж, сүсэглэ. Багшийгаа хүндэлж, тахихын хэрээр гэгээрэлд хүрэхэд дутуу байсан буян бүхэн гүйцнэ. Салахгүй зууралдсаар байгаа сэтгэлийн гэм бүхнээс сална гэж бодвол баяр баясгалантай болно. Түүний сайн чанарыг нь дууриалал болгон, муугаас нь цээрлэж яваарай.

Мөн Хар хүн Уграгийн асуултанд хариулсан судар-т:

Хар хүн гуай. Бодисадва нар аман айлдвар сонсох болон унших хийгээд өгөөмөр чанар, ёс суртахуун, тэвчээр, зүтгэл, бясалгал, билэг оюуныг эзэмших, тэрчлэн бодисадвагийн зам мөрийн төвшинд хүрэх чуулбарыг хуримтлуулахдаа ганцхан шад гарын авлага өгсөн багшийг ч зүй ёсоор хүндэлдэг.Хэлсэн сургаалд нь хэдэн нэр томъёо, үг үсэг байна төдий тооны галавт тэр багшийг үргэлж хүнлэн тахиж, өргөл барьц өргөн дээдэлдэг. Хар рүн гуай, энэ бол багшид үзүүлбэл зохих зүй ёсны хүндэтгэлийн нэгээхэн хэсэг. Тэгэхээр бусад өргөл хүндэтгэлийн тухай ярих нь илүүц биз ээ.

в. Багшийн ачийг дурсан санаж бишрэх
Арван чанар судар-т:
Төөрч явахад олоод дуудагчаар бод
Түнэр шөнийн зүүднээс сэрээгчээр бод
Үйлэндээ живэхэд гараа сунгагчаар бод
Үнэнээс зөрөхөд дуудаж залагчаар бод

Орчлонгийн гавыг тайлсан чөлөөлөгчөөр бод
Ороосон өвчнийг эдгээсэн анагаагчаар бод
Атгаг шунал, хүслийн түймрийг
Аадрын үүл болж унтраагчаар бод

гэсэн байна.

Мөн Гол модон байгуулах судар-т идэрхэн Судхана эрхэм гэгээрлийн багш минь намайг бүх муу заяанаас аварсан хэмээн өгүүлсэн байдаг.

Үзэхийн далайд бол усан хөлөг
Үнэнд хүрэхэд унаа хүлэг
Хүсэх диваажинд зам заах овоо
Хүй орчлонгийн чанарыг таниулагч аа.

Байсан, байгаа, байх цагуудын
Барим тавим үнэнийг заасан
Бишрэхээс бус учирч чадаагүй
Билэгтэн мэргэдэд ч хөтөлж хүргэсэн.

Зөв болгоны минь үрийг соёолуулж
Зөв мөрт нь ургуулж ачилсан
Багшийнхаа ачийг бахдах Судхана
Баярын нулимс мэлмэрүүлж байсан.

Үнтэй адил багшийн ачийг санаж яваарай. Багшийн ачийг санах бүртээ”....багш нар минь” хэмээн бүгдийх нь нэрийг тоочон, дүрийг нь сэтгэлдээ ургуулан бодож бай.
Багшийнхаа дүр төрхийг төсөөлөн бодож, хэлж буй үгнийхээ утга учирт нь хамаг анхаарлаа төвлөрүүлэн дээрх мөрүүдийг чангаар уншаарай.
Түүнчлэн Гол модон байгуулах судар-т ингэж өгүүлжээ:
Багш минь Буддагийн сургаалыг номлооч
Барагдашгүй сургаалынх нь сайхныг үзүүлээч
Бодисадвагийн явдлыг ашид таниулагч
Бодолхийлж эргэлзэхгүй итгэл минь энэ.
Ариун чанаруудыг төрүүлэгч эх
Амлуулж сургаалаар тэжээгч эжий
Гэгээрэгч дээшлэхийн үүдболгонд
Гэрэлт бамбар шиг гийгүүлэн зогсоод
Гэтэлгэж бас муугийн хорлол
Гэм нүглээс ангижруулагч билээ.

Өвдөхөөс төдийгүй өтлөхөөс гэтэлгэгч оточ мөөн
Өвчнөөс төдийгүй үхлээс аврагч хувилгаан мөөн
Рашаанаар сүрчигч ариун дээд хурмаст мөөн
Ариудсан саран, амирлахуй зүгийн наран мөөн.

Дайсныг ч гэсэн нөхөр шигээ л нөмөрлөх
Далай ертөнцөд хэнийг ч залуурдах
Даамай амгалан багшдаа үргэлж
Дандаа ингэж Судхана биширнэ.

Бодисадва надад ухаанаасаа хүртээж
Бурхны хүүхдүүдийн гэгээрэлд хүргэнэ
Бурсан хуврагууд ч шагших багшдаа
Буцалтгүй итгэлээр залбирч ирлээ.

Нарт ертөнцийг аврагч мэтээр
Намайг та хөтлөнө ч, нөмөрлөнө ч
Найрсал, зохирлыг нүд болж харуулна ч
Найдаж итгэх минь энэ л байна.

Энэ маягаар Судханагийн оронд өөрийгөө тавьж, багшийн ачийг санан дээрх шүлгийг уншиж бай.

Багшийг шүтэх үйл ажил
Ашвагхоса Багшийн тавин шүлэгт бүтээлдээ:
Багштай хүний үүрэг цомхон
Баярладаг юмыг нь үйлсээ болго
Барайлгадаг юмнаас байнга зайлсхий
Баримтлах, дагах юм ердөө л энэ.

Орчлонгийн үймээнээс багшийгаа ол
Оройдоо дээдлэн заасныг нь баримтал
Оюуны шид багшаас л ундарна
Онцгойлж үүнийг Будда захисан

Товчхондоо бол багшийг баярлуулах бүхнийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж, баярлуулахгүй бүхнээс хянамгайлан цээрлэ.

Багшийг өргөл барьц өгөх, бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх, хэлснийг нт гүйцэлдүүлэх гурван арга замаар баярлуулдаг. Энэ тухай хутагт Майдар Судар аймгийн чимэг – тээ ингэж өгүүлсэн байдаг:

Өргөл барьц нь хүндлэл мөн ч
Заасныг нь дагавал шүтлэг мөн.
түүнчлэн:
Өнөд багшийгаа хазайхгүй дагавал
Өргөмжөөс илүү дээдлэл мөн.
гэж өгүүлдэг билээ.

Өргөл, барьц өгөх. Багшийн тавин шүлэг-т:

Андгайлж шавилсан номын багшдаа
Авгай хүүхдээ ч, тэр ч бүү хэл
Амиа хүртэл өгөх нь бий тул
Агуурс хөрөнгө бол юу ч биш шүү.

түүнчлэн:

Багшдаа өргөх нь Буддад өөрт нь
Барьж өргөсөнтэй адил тэнцүү
Өглөг чинь эргээд буян болж
Өөрийн чинь чанарыг төгөлдөр болгоно.
Үүнээс гадна Лагсорва ингэж хэлжээ:

Сайн юм байсаар атал мууг нь өргөвөл тангараг доройтно. Багшийг баярлуулах сайн юм үнэхээр байхгүй бол харин гэм болохгүй.

Энэ санааг Багшийн тавин шүлэгт-д доорх байдлаар илэрхийлжээ:

Барьц өргөл өчүүхэн ч байсан
Бага гэж голохоосоо өмнө
Барагдашгүй үржихийн ерөөл бодож
Багшдаа өргөх нь буян билээ.
Өргөл өгөх нь шавийн хувьд эрхэм буян учир өгөхдөө ийм бодолтой байх нь зүйтэй. Харин багш нь өргөл, барьцанд шунах ёсгүй юм. Шарава “Өргөл барьцанд биш, сайн суралцаж буйд нь баясдаг хүнийг л багш гэнэ. Үүнээс эсрэг зан суртахуунтай бол гэгээрэлд хүргэх багш биш” гэсэн билээ.

Бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх. Багшийгаа угааж арчих, биед нь иллэг хийх, хир буртагийг нь цэвэрлэх, дэргэд нь бараа болох нь биеэр үйлдэх өргөл хүндлэл. Харин багшийн эрхэм чанарыг нь магтан өгүүлэх нь үг хэлний өргөл хүндлэл юм. Хэлснийг нь гүйцэлдүүлэх. Өгсөн заавар сургаалийг нь зөрчилгүй гүйцэлдүүлэх явдал юм. Энэ хамгаас чухал. Төрөл туулсан цадиг-т энэ тухай өгүүлэхдээ: Тусалсаных нь ачийг хариулна гэдэг Хэлснийг дагаж биелүүлэх явдал мөн.

Асуулт: Багшийн өгсөн зааврыг дагах учиртай юм байна. Гэтэл шүтэж буй багш нь зам мөрөөр хөтлөх юм уу, гурван сахил зөрчих зүйл хийлгэх гэвэл яах вэ?
Хариулт: Энэ тохиолдолд Ёс зүйн судар-т заасныг баримталбал зохино. Уг номонд “Номлолоос гажуу зүйл шаардвал татгалз” гэсэн байдаг. Мөн Нандин эрдэнийн үүл судар-т “Багшийн сургаал зөв аваас түүнийг нь дага, харин буруу бол бүү дагагтун” гэжээ. Тиймээс буруу гарын авалагыг нь дагаж болохгүй. Энэ тухай Төрөл туулсан цадиг –ийн арван хоёрдугаар хэсэгт тодорхой өгүүлсэн байдаг.
Гэхдээ үүгээр шалтаглан багшдаа сүсэггүй, хүндэтгэлгүй хандаж, муулж болохгүй. Харин чухам ямар шалтгаанаар багшийн зааврыг зохих ёсоор нь дагахгүй болсон өөрийн байр сууриа тайлбарлах хэрэгтэй. Энэ тухай Багшийн тавин шүлэг-т:

Үндэс, зохирлыг хангаагүй учраа
Үгээр илэрхийлж тайлбар хийж бай гэдэг.

Ингээд эв зүйгээ олсон цагтаа номлолд хөтлөх багшийн зааврыг хичээнгүйлэн дагаж, биелүүлэх нь чухал. Энэ тухай хутагт Майдарын Судар аймгийн чимэг-т өгүүлэхдээ:

Багшийг дээдэлж шүтнэ гэдэг
Барьц бэлэг зөөхийн нэр биш
Баримтлал хэмээсэн ном журмыг нь
Баттай сахихыг л хэлсэн хэрэг ээ.
Бодова нэгэнтээ:

Ананда Буддад бараа болон явж байхдаа түүний зөвшөөрөөгүй хувцсыг өмсдөггүй, Буддагийн үлдээсэн хоолыг иддэггүй байсан. Гэнэт Буддатай уулзах болвол “Багшийгаа хүндэтгэе” хэмээн зөвшөөрөл авдаг байсан. Энэ бүхэн нь хойч үеийнхэнд үлгэр дууриал болох ёстой. Бид нар ямар номлол сурснаа тооцохын оронд багшийн өгсөн хоолны их багыг бодож сууна гэдэг яваандаа ялзрахын шинж хэмээсэн билээ. Хэдий хугацаанд багшийг шүтэх талаар Бодова ингэж хэлжээ:

Миний дэргэд буй шавь нарын үүрэг нэмэгддэг. Харин надаас холдохоор үүрэг нь хөнгөрдөг. Багшаас хэт холдох та нарт зохихгүй. Тиймээс хол ойроос хамаарахгүй үүргээ ухамсарладаг болтлоо суралцах хэрэгтэй.

г. Багшийг шүтэхийн ач тус

Багшийг шүтсэнээр төгс гэгээрлийн төвшинд ойртоно, агуу гэгээрэгсдийг баярлуулна. Дараа дараагийн амьдралдаа багшаас хагацахгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үйлийн үр болон сэтгэлийн гэмд хялбар дийлдэхгүй. Бодисадвагийн сургаал зааврыг зөрчихгүй, тэр бүхнийг мартахгүй учир эрхэм чанарын чуулбар бүрдэж улам бүр нэмэгдсээр хэтийн ба ойрын бүх зорилго биелэнэ. Багшийг санаа бодол болон үйл ажлаар асарч, хүндлэх зөв дадал хэвшүүлбэл өөрийн болон бусдын зорилгыг биелүүлж, билэг оюун болон буяны чуулбарыг төгс цогцлуулна.

Энэ тухай Гол модон байгуулах судар –т ингэж өгүүлдэг:
Хувьтай хөвгүүн минь, багшийг зүй зохисоор нь шүтсэн бодисадва нар муу төрөлд төрөхгүй. Багшийг санаж явдаг бодисадва нар бодисадвагийн заавар журмыг зөрчихгүй. Багшийн ивээлд орсон бодисадва нар энэ ертөнцөд бусдаас үлэмж илүү. Багшийг хүндлэн асардаг бодисадва нар бүх сургаалаа марталгүй хэрэгжүүлдэг. Багшийг чин сэтгэлээр дагадаг бодисадва нар муу үйлийн үр ба сэтгэлийн гэм |нисванис| -д тэр бүр дийлдэхгүй.

гээд цааш нь:
Хувьтай хөвгүүн минь, багшийн заасныг дагаж мөрддөг бодисадва нарт төгс гэгээрэгсэд баярладаг. Багшийн үгнээс гажилгүй амьдрагч бодисадва төгс гэгээрэлд ойртдог. Багшийн үгэнд эргэлзэхгүй бол багш улам дотносно. Багшийг мартахгүй санаж яваа бодисадва бүхний хамаг зорилго гарцаагүй биелнэ.

Мөн үүнтэй адил Тайлагдашгүй нууцын судар-т ингэж өгүүлжээ:

Хувьтай хөвгүүд, охид минь. Багшийг ихэд хүндэтгэн шүтэж, асран тойлж, тахиж зүй зохисоор нь шүт. Ингэж чадвал санаа сэтгэлд чинь зөв дадал шингэж, үйлдэл бүхэнд чинь зөв дадал хэвшинэ. Улмаар зөв үйл бүтээж, зөв дадал төлөвшиж, журмын нөхөд чинь хүндлэх болно. Буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино. Өөрийгөө, өрөөлийг буруу үйлээс сэрэмжлэн хамгаалснаар зүйрлэшгүй гэгээрлийн зам мөрийг төгс эзэмшиж, буруу зам мөр хөөсөн амьтанд тусалж чадна. Бодисадва багшийг ингэж шүтсэнээр эрхэм чанар бүхнийг өөртөө төгс цогцлуулдаг.

Түүнчлэн багшийг өргөмжлөн хүндэлснээр муу төрөлд амсах байсан үйлийн үр энэ насанд бие, сэтгэлийн өчүүхэн зовлон эдлэх эсвэл зүүдлэх төдийхнөөр шувтарч арилна. Мөн тоолшгүй олон гэгээрэгсдэд өргөл тахил өргөсөн буянтай харьцуулшгүй их ач тустай. Энэ тухай Кшимигарбха сударт өгүүлэхдээ:

Багшийг шүтвэл тоолшгүй олон галавт муу төрөлд төөрөх байсан үйлийн үр энэ насанд халдварт өвчин тусах, өлсөж цангах зэрэг бие, сэтгэлийн зовлон төдийхөн болж арилна. Эсвэл зэмлэл хүлээх, зүүдлэх төдийхнөөр л муу үйл барагдана. Тэр ч бүү хэл ганц өглөө багшийг хүндэлсэн буян нь зөв дадал төлөвшүүлэх хүслээр хязгааргүй олон гэгээрэгсдэд тахил өргөх эсвэл заавар журам дагасан буянаас ч хол давуу. Багшийг өргөмжлөн хүндлэх нь санаанд багтамгүй сайн талтай.
гээд цааш нь:

Гэгээрэгчийн цаглашгүй ид шид, хувилгаан чанар бүхэн үүнээс л урган гарна гэж үзэгтүн. Тиймээс багшийг Ялгуулсан Буддаг тахин шүтэж байгаа мэт асран тойлж, хүндлэх ёстой.
гэсэн байдаг.
Бас Төрөл туулсан цадиг-т өгүүлэхдээ:

Эрдэмт багштайгаа шадар байж
Эндэлгүй номыг нь дагаж гэмээнэ
Эгнэшгүй гэгээрлийн эрхэм чанар
Эрхбиш биед чинь наалдах учиртай.

Бодова хэлэхдээ:
Цоорхой тор усанд хаяхад загас орохын оронд замаг шүүрдэн төвөг уддаг. Бид үүн шиг багшийн эрхэм чанарыг шингээхгүй атлаа зарим буруу зөрүүг нь сурчихдаг. Тиймээс хааяа нэг багшид ирж очих төдийгөөр хязгаарлаж болохгүй.

д. Багшийг эс шүтэхийн гэм зэм
Багш, шавь барилдчихаад шүтэх ёсыг нь зөрчвөл энэ насандаа олон төрлийн өвчин тусаж, элдэв хорлолд өртөнө. Хойд насандаа хэмжээлшгүй их, дуусашгүй урт муу төрлийн зовлон амсах болно. Важрананийн тангарагийн тарни-д энэ тухай ингэж өгүүлжээ:
Ялж төгс гэгээрсэн Будда. Багшийгаа басамжлан доорд үзсэн бүхний гарцаагүй эдлэх үйлийн үр юу вэ?
Будда. Важрапани минь, тэнгэр болоод бусад ертөнцийнхөнч айн цочих бизээ. Асуугаагүй нь дээр байсан юм. Гэвч тэр тухай Нууцын эзэн чамд цухас дурьдъя. Зүрх зоригтнууд анхааран сонсогтун.

Дагасан багшаа бүү гутаа
Дараа нь чамайг там хүлээнэ.
Дайраад өнгөрөхгүй ээ, олон гавлаар
Тасарч амсхийхгүй үргэлжлэх цагаар
Даан ч их тарчлах болно оо.

гэсэн бол Багшийн тавин бадаг ном-д:
Ачит багшаа доромжлох аваас
Аюулт шаналан, бузрын өвчин
Адын хорлол, чөтгөрийн дайрлага
Алгасалгүй дагасаар үхүүлэх болно оо.
Эрхтэн дархтны хавчлага дарамт
Эрүү, хулгайн гэмтний халдлага
Эндэл, осол, гал түймрийн
Эргүүлгэнд үхэж там руу одно оо.

Ачит багшийн сэтгэлийг зовоож
Амгалант царайг барайлгах аваас
Адаг доод халуун тамд
Алгасал үгүй түлэгдэх нигууртай.

Аюус гэхчлэнгийн асар зовлонт
Аймшиг төрүүлэм тамуудын ихэнхэд
Алдас хийж ачит багшийнхаа
Амирлангуйг цочоосон нүгэлтнүүд очдог.

Суут Шандэвагийн туурвисан “Хар дайсан”-ы хэцүү утгын тайлбар-т энэ талаар:

Хэлсэн сургаал нь бадагхан байлаа ч
Хэзээд түүнийг багшаар дуудагтун
Хэрвээ тэгэхгүй бол нохой болж төрнө
Хэтдээ бас яргачин төрөл ч олно.

Түүнээс гадна хөгжөөгүй байсан эрхэм чанарууд огт төлөвшихгүй, харин төлөвшсөн нь улам дордоно. Энэ цагийн гэгээрэгсдийн бясалгал судар-т:

Хэрвээ шавь нь багшдаа хар буруу санаж, догшин ширүүн хандаж уурлабал эрхэм чанар огт төлөвшихгүй. Багшийг Ялгуулсан Буддатай адилтгаж үзэхгүй бол мөн л адил. Гурван хөлгөнийг баримтлагч, номлол заасан хуврагийг хүндлэхгүй, Будда хэмээн сэтгэж чадахгүй аваас бүрдээгүй байсан эрхэм чанарууд хөгжихгүй, төлөвшсөн сайн чанарууд нь замхарна. Багшийг хүндлэхгүй бол сэтгэлийн эрхэм чанар мөхнө.

Буруу номлогч, муу хүнтэй нөхөрлөвөл сайн чанарууд аяндаа хорогдож, бүдгэрнэ. Улмаар алдаа дутагдал нэмэгдсээр хүсэмгүй үр дагавар авчирдаг. Тиймээс эгнэгт цээрлэж яв. Гэгээн номлолыг үргэлж санахуй судар-т:

Хүсэл шунал, уур хорсол, мунхаглалын уг суурь нь муу нөхөр юм. Тэрээр хорт ургамалтай адил.

Мөн агуу нирваан судар-т бодисадва нар муу нөхрөөс эмээж яв, галзуу заан түүний дэргэд юу ч биш, галзуу заан амь бие төдийг л сүйтэгдэг бол муу нөхөр зөв бодол, ариун сэтгэлийг үгүй хийнэ. Галзуу заан махан биеийг хөнөөвч муу төрөлд аваачихгүй. Гэтэл муу нөхөр бүрдсэн буяныг сүйтгээд муу төрөлд төрүүлэх нь гарцаагүй гэсэн байдаг.

Түүнчлэн Үнэнийг өгүүлэгчийн бүлэг-т:

Муу нөхөр могой мэтээр
Мунхагийн хороор сэтгэлийг хатгахад
Ачит багшийн сургаал ерөндөгөөр
Аврах эмчилгээ хйихгүй болбоос
Уулын оргилд гаран алдаад
Унаж, нисэж үхэхтэй адил.

гэсэн байхад Нөхдийн тухай цоморлиг-т энэ тухай:

Итгэл бишрэлгүй, харамч хахир
Элдэв хов руу шөвөлзөн гүйгч
Эрдэмтэйн гэрээс цэрвэн тойрогч
Ийм нүгэлтэнтэй битгий нөхөрлө өө.

Буруу санаатантай нийлэхийн цагт
Буруугүй байлаа ч хүмүүс цэрвэнэ
“Адилхан годилууд л нийлээ биз” хэмээн
Амьтны ам чамд муруйна.

Гэмтэй амьтантай нөхөрлөж ойртвол
Гэм нүгэл нь чамд ч нялзана
Хортой будаа ганцханыг үйхэд л
Хооол чинь бүхлээрээ хор л болдог оо.

Буруу хүнтэй нөхөрлөвөл жам ёсны болоод тогтоосон хууль цаазаас гажих алдаа дутагдал багасахын оронд харин ч шинээр нэмэгдэнэ. Гэвш Донбова:

Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болно.

хэмээсэн.
е. Дүгнэлт

Багшийн ёог хэмээх алдарт гарын авлагыг дээр өгүүлсэн ёсоор өөриймшүүлэх нь чухал. Гэхдээ ганц нэгхэн удаа бясалгаж, судаллаа гээд хэрэг болохгүй. Үнэн голоосоо номлол эзэмшье гэвэл алдаагүй хөтлөх сайн багшийг удаан дагах шаардлага гарна. Гэтэл явцын дунд “Нэгэнт багш шавь барилдах дээрээ тулахаар бодлоосоо ухардаг” гэж Чадгавагийн хэлснийг санууштай. Өөрөөр хэлбэл багш шавь барилдах журмыг сахиагүйн улмаас өөдлөх бус бүр уруудах нь ч бий.
Багш шавь болох ёс журам нь бусдаасаа хамгийн чухал буюу хэтийн зорилго болох нирвааны үндэс болдог. Ерөнхий агуулгыг нь эрхэм зарлиг болон түүний утгын тайлбар зэргээс ишлэн авч ойлгоход дөхөмтэй болголоо. Мөн хэрэгжүүлэхэд хялбар болгох үүднээс эрхэм зарлигийн утгыг ухаарсан мэргэдийн хэлсэн үгийг нэмж шигтгэв. Өөрсдөө бусад эх бүтээлүүдийг нэмж судлаарай.

Бидний сэтгэлийн гэм хэрээс хэтэрсэн учир багш шавь барилдах ёсыг ойлгодоггүй, ойлголоо ч дагаж мөрддөггүй. Олонтаа номлол сонсдог боловч багш шавийн тогтсон журмыг зөрчих нь нэн их. Тэгсэн атлаа буруугаа ухамсарлаж, дахин алдахгүйн төлөө чармайх нь даанч цөөхөн. Тиймээс дээр өгүүлсэн ач тус ба гэм зэмийн талаар ахин дахин бод. Бас урьд төрөлдөө багш шавийн барилдлагыг зөрчсөн гэмээ чин сэтгэлээсээ наманчил. Тэгээд дахин зөрчихгүй гэж олон удаа андгайл.

Номлолд суралцах шавьд байх ёстой чанаруудыг өөртөө хичээнгүйлэн бүрдүүл. Түүнээс гадна шинж чанар төгс бүрдсэн багшийн тухай байн байн бод. Гэгээрэлд хүргэх багштай учрах нөхцөл болсон билэг оюуны цогц буяныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг үргэлж хүсэн залбирч бай. Тэгвэл тун удахгүй бодисадва нарын манлай болсон Садапрарудите, гэгээрлийн багшийг уйгагүй эрэгч Судхана шиг болох нь дамжиггүй.

http://www.mongoliantemple.com/ blogoos oruulav